Хэдийгээр албан бус мэдээлэл боловч нийслэлийн хэмжээнд 357 хэсгийн 186-д нь ирц хүрээгүй, тиймээс дээрх хэсгүүдэд санал хураалт хүчингүй болсон гэх шинэ мэдээллийг МАН-ын дарга өглөө. Нийслэлд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодод ийнхүү ирц хангалтгүй байсан бөгөөд нийт дүнгээр нь авч үзвэл нийслэлийн хэмжээнд хэсгийн хороодын 52,2 хувьд ирц хүрээгүй байна. Ийнхүү нийслэлд ирц хангалтгүй байсан нь сонгогчид одоогийн эрх баригч нам Ардчилсан намд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн хэрэг боллоо гэж МАН үзэж буй гэж тус намын дарга Ө.Энхтүвшин хэлэв. Мөн цаг хугацааны хувьд өмнө нь орон нутгийн сонгууль аравдугаар сарын эхний 10 хоногт болдог байсан. Гэтэл энэ удаад арваннэгдүгээр сарын сүүлээр зохион байгуулсан нь сонгогчдын ирцэд нөлөөлсөн гэлээ.
Түүнчлэн "Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг автомат машинаар явуулсан. СЕХ-ноос өмнө нь мэдэгдэхдээ 22.00 цагт санал хураалт дуусч, 22.30 цаг гэхэд хэсгийн хороодод байрлуулсан бүх автомат машинууд ирцийн мэдээллээ дамжуулсан байна гэж байсан. Гэтэл сонгуулийн санал хураалтын дараах өдөр буюу өнөөдөр 16.00 цаг хүртэл СЕХ албан ёсны ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл" гэв.