Сонгуульд аль нам ялалт байгуулав?

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Сонгуульд аль нам ялалт байгуулав?

Орон нутгийн сонгуульд аль нам, улстөрийн хүчин олонхи болж, ялалт байгуулсан тухай албан ёсны дүнг Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс нэгтгэн зангидаж зарлаагүй байгаа ч Ардчилсан намын зүгээс ялалтын анхны уухайг хадааж мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлээр бол энэ удаагийн орон нутгийн сонгуульд ардчилагчид үнэмлэхүй ялалт байгуулсан гэнэ. Албан ёсны биш боловч ажиглагчдаар дамжуулан авсан мэдээллээр Увс, Төв, Булган, Ховд, Дорноговь, Сүхбаатар зэрэг нийт 14 аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан нь тодорхой болоод байна. Мөн нийслэлийн есөн дүүргээс наймд нь ардчилагчид ялжээ. Гэвч эх сурвалжуудаас авсан мэдээллээр нийслэлийн таван дүүргийн зарим хэсгийн хороодод саналаа өгсөн сонгогчдын ирц 50+1 хувьд хүрээгүй нь сонгуулийг дахин зохион байгуулахаас аргагүйд хүргэж байгаа юм. Энэ нь дүүргийн хэмжээнд санал хураалтыг дахих бус зөвхөн хэсгийн хороодод дахин зохион байгуулахад хүргэж болзошгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг нийт 37 хэсгийн хороотой, үүнээс 30-д нь ирц хуульд заасан хувийг давсан бол долоод нь ирц хүрээгүй. Сүхбаатар дүүрэг 41 хэсгийн хороотой ч 12-т нь сонгогчийн ирц 51 хувийн босго даваагүй, Чингэлтэй дүүрэг 43 хэсгийн хороотой бол 14-т нь ирц хүрээгүй. Баянзүрх дүүрэг 79 хэсгийн хороотой, үүнээс 54 хэсэгт сонгогчийн ирц хүрээгүй бол Баянгол дүүрэг 55 хэсгийн хороотойгоос 25-д нь ирц дутуу, Сонгинохайрхан дүүрэг 80 хэсгийн хороотойгоос 35-д нь ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү албан бус мэдээг тухайн дүүргийн тойргийн хорооноос баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлбэл, дээрх хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаас аргагүй. Гэхдээ энэ нь нийслэлийн хэмжээнд Ардчилсан намынхан Багахангайгаас бусад найман дүүрэгт олонхи болж яллаа гэсэн мэдээллийг үгүйсгэсэн хэрэг биш. Учир нь Хан-Уул дүүргийн хувьд 35 суудлаас 29-ийг, Чингэлтэй дүүрэгт 15 суудлыг, Баянзүрх дүүрэгт 10 суудлыг, Сонгинохайрхан дүүрэгт есөн суудлыг, Багахангайд хоёр суудлыг, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 12 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигчид аваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, үлдсэн суудалд аль намынхан суух вэ гэдэг нь дахин санал хураалтаар тодрох учиртай.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН хоёр нэлээд хүч хаян оролцсон ч төдий л олонхи болж чадаагүй бололтой, урьд шөнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ Дундговь аймагт 23 суудлаас 14-ыг, Говь-Алтай аймагт 21-ээс 17-г, Өвөрхангай аймагт 28 суудлаас 18-д нь, Сэлэнгэ аймагт 21 суудлын 15-ыг Дархан-Уул аймагт 21 суудлаас 13-ыг, Завхан аймагт 29 суудлаас 13-ыг нь, Говьсүмбэр аймагт найман суудлаас тавд нь, Дорнод аймагт 23-аас 13-т нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан гэсэн мэдээ байна гэсэн. Эл мэдээлэлд тус намынхан эхэндээ нэлээд итгэлтэй байсан боловч өнөөдөр үдээс өмнө зарлаад байсан хэвлэлийн хурлаа хойшлуулж, үдээс хойш болгосон нь сонгуулийн үр дүн Ардын намынханд сайнгүй гарсантай холбоотой байж болзошгүй гэх мессеж Төрийн ордонд нисгэхэд хүргэв. Энэхүү яриа түүхэндээ 20 гаруй жилийн турш улаарч ирсэн Увс, Ховд, Булган, Төв аймгуудад Ардчилсан намынхан олонхи болж ялалт байгуулсан нь нэг талаараа “шок”-онд оруулсан бололтой гэсэн “хачир”-аар нэмэгдээд байна.

Нөгөө талаас Ардчилсан намынхны хувьд ч үнэмлэхүй ялна хэмээн тооцоолж байсан тойргууддаа ялалт байгуулж чадаагүйн шалтгааныг сонгогчид хийгээд улстөрийн хүрээнийхэн дараах байдлаар тайлбарлаж буй юм. Тухайлбал, “Өвөрхангай аймагт тус намынхан энэ удаагийн сонгуулиар ялагдал хүлээгээд байгааг УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нартай холбон тайлбарлаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс дээрх хоёр эрхмийн нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүний тангаргийг нь өргүүлэх алхам хийсэн нь өвөрхангайчуудын сэтгэлд нийцээгүй. Нэгэнтээ л хоёр намаас нэр дэвшигчид хэн, хэн нь гомдолтой байгаа тул дахин санал хураалт явуулах нь сонгогчдод илүү итгэл үнэмшил авчрах байсан. Харамсалтай нь, ийм шийдвэр гараагүй нь орон нутгийн сонгуулийн дүнд нөлөө үзүүлсэн байх талтай”  гэсэн таамаглал байна.

Мөн Хөвсгөл аймагт ардчилагчид ялах бололцоотой байсан ч “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг аймгийн Сонгуулийн хороо нь бүртгээгүй, зөвхөн МАН, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дунд санал хураалт өрнөсөн нь ийнхүү ялагдах бас нэг гогцоог нь зангидсан хэмээн үзэж байна.

Г.НЭРГҮЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж