Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобусыг зорчуулдаг болсоор гурван сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаанд автобус хамгийн хурдан тээврийн хэрэгслээр тодорч, зорчигчид түүнийг сонгох нь эрс нэмэгджээ. Хэдийгээр хүмүүс ам сайтай байгаа боловч өөр нэгэн дүр зураг бас бий. Энэ бол хурд. Яг л хурд гэдэг кинотой төстэй үйл явдал хотын гудмаар харагддаг болж. Зогсохоор дэлбэрчих гээд байгаа учир хурдаа нэмсээр замдаа тааралдсан бүхнийг хуу хаман давхидаг. Үүнтэй л адил болжээ, нийтийн тээвэр. Сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд автобусны ослоос болж 50 гаруй хүн нас барж,  1700 орчим хүн бэртэж гэмтсэн тухай албан мэдээлэл байна.

Сүүлийн хоёрхон хоногт гэхэд автобусны жолооч нараас болж хэд хэдэн осол гарч, газар дээрээ хоёр ч хүн нас барсан хэрэг гарлаа. Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт нэг цагийн зайтай хоёр ч осол гарч, хоёрын хоёр эрдэнэт хүний амь эрсэдсэн бол өнөөдөр дахиад л Мэргэжилтний 20-ын автобусны буудлын өмнө осол гарсан түгшүүрт мэдээ олныг сандаргалаа.

Зам хөндлөн гарч явсан хүнд зам тавьж өгснийхөө төлөө “Карина” маркийн автомашин арын хэсгээ лааз болтол автобусанд мөргүүлжээ. Уурссан жолооч “Нэгдүгээр эгнээгээрээ явахгүй яагаад хоёрдугаар эгнээ рүү орж ирсэн юм бэ?” гэж жолоочийг загнахад автобусны жолооч хэрэлдэж гарлаа. Уг нь бол хэрвээ тэр машин байгаагүй бол нэг иргэн тахир дутуу болох эсвэл нөгөө ертөнц рүү явах байсныг ч үгүйсгэхгүй аргагүй харагдаж байв. Гэтэл бүр гайхалтай нь, хэрэг тарьсан автобусны кондуктор зорчигчдын тасалбарын мөнгийг өгөхгүй гэж хэрэлдэн, бөөн маргаан боллоо. Мөнгөө нэхсэн зорчигчдод уг нь буруу байхгүй баймаар.

Үүнээс гадна нийтийн тээврийн автобусын үйлчилгээний соёл авах юмгүй болсон гэдгийг ч хэлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гарахаас өмнө үйлчилгээний соёл  тийм ч сайн байгаагүй ч ямар ч байсан одоогийнхоос хамаагүй илүү байжээ. Одоо бол буудал дээр зогсч хүнээ буулгачихаад хаалгаа хаахгүй хурдлах, зорчигчдыг үг хэлээр доромж, ахмад настнуудыг хурдан суусангүй гэж уцаарлан загнах гээд тэднээс гарч байгаа аашийг хэлээд барамгүй. Ахмад настны үнэмлэх, оюутны хөнгөлөлтийн карт үзүүлсэн нэгнийг үг хэлээр доромжилж бах таваа хангах нь ч бий. Хүнээ буулгаагүй байж буудлаас хөдлөөд явчихдаг, нэгдүгээр эгнээг эзэгнэдэг гэж ойлгосон жолооч нар хурдаа хэтрүүлэх, нэг нэгэнтэйгээ уралдан давхих нь хэрээс хэтэрч байна. Ийм л сөрөг дүр зураг нийтийн тээврийн нийтлэг асуудал болсоор гурван сарын нүүрийг үзжээ.

Үүнээс гадна кондукторууд зорчигчдоо гэмтээсэн хэргүүд ч олширсон байна. Өнгөрсөн долоо хоногт Хайлаастын чиглэлд явдаг нийтийн тээврийн нэгэн автобуснаас 18 настай хүүхдийг түлхэж унагаснаас болж хөл нь хугарч, шанааны ясанд нь цууралт үүссэн хэрэг гарсан билээ. Мэдэгдэж байгаа нь энэ ч өөр ямар хүчирхийлэл үйлддэг вэ гэдгийг хэн ч тоймлоход хэүцц.

Тиймээс чадахааараа эрхэм зорчигч, хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах ганцхан зүйл байна. Анхаар ард чинь автобус, аюултай шүү!!!

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж