Д.Банди: Заримдаа би тамирчдаасаа ичдэг

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Д.Банди: Заримдаа би тамирчдаасаа ичдэг

Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн тамирчдад энэ сарын сүүлээр Болгарт хамтарсан бэлтгэл хийх, мөн олон улсын А зэрэглэлийн хэд хэдэн тэмцээнд оролцох урилга ирсэн ч төсөв, мөнгөнөөс болоод энэ асуудал гацаанд оржээ. Олимпийн аварга Э.Бадар-Ууганы бэртэл гэмтэл илааршиж, тэмцээнд оролцох боломжтой болсон ч өнөөдөр бид 2012 оны олимпод дахин медалийн төлөө өрсөлдөх олимпийн аваргынхаа зардлыг шийдэж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ…? Энэ талаар боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди ярьж байна.

-Боксын шигшээ багийн тамирчид Болгарт хамтарсан бэлтгэл хийх байсан нь хойшилж магадгүй болсон гэж сонслоо. Энэ мэдээж зардал, мөнгөний асуудалтай холбоотой юу?

-Зардал, мөнгөө шийдүүлж чаддаггүй ээ. Уг нь, Болгараас урилга ирсэн юм. Өөрсдөө замын зардлаа даагаад ирээч ээ, манай тал байр, хоолны асуудлыг бүрэн хариуцъя гэж. Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт буюу өнөө, маргаашгүй л бид нар явах ёстой байсан юм. Одоо тэгээд, бараг өнгөрч байх шиг байна.

-Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын өмнө та нар Болгарт бэлтгэл хийсэн санагдаж байна?

-Тэгсэн. Яг 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө бид нар Болгарт суугаа Монголын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байсан юм. Их үр дүнтэй бэлтгэл болсон. Дэлхийн аваргаас манай тамирчид алт, мөнгө, хүрэл медальтай ирсэн. Тэр утгаараа Болгарт бэлтгэл хийхэд үр дүнтэй гэж бид бодож байсан юм.

-Хэдэнд явна гэж тооцоолж байсан бэ?

-Тавдугаар сарын 15-нд.

-2010 он талдаа орлоо. Бусад орны тамирчид яг энэ цаг хугацаанд дараагийн олимпод маш эрчимтэй бэлтгэж байна. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Тухайлбал, боксчдын хувьд энэ оны эхний хагас жилийг ямар үр дүнтэй өнгөрүүлсэн гэж та бодож байна?

-Үнэхээр үр дүнгийн тухайд хэлэх зүйл ховор байна шүү дээ. Хэдэн тамирчид маань насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс өөр тэмцээнд оролцсонгүй. Залуучуудын шигшээ багийн тамирчид л “China open”, залуучуудын ДАШТ-д оролцсон. Насанд хүрэгчдийн шигшээ багийнхан аятайхан цугларалтад ч гарсангүй, гадагшаа тэмцээнд ч явсангүй. Олимп, дэлхийн аваргатай боллоо л гээд хөөрөөд байна. Тэд нарынхаа тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилтын орчныг нь бүрдүүлж чадахгүй байж, дахин амжилт нэхнэ гэдэг хүнд л санагдаж байна.

-Шигшээ багт төсөвлөсөн мөнгөнөөс хэдий хэр нь боксынхонд ноогдож байгааг хэлж болох уу?

-Маш бага. Ганц бокс ч биш бусад спортынхон бүгд л хүнд байгаа. Өнгөрсөн жил ч тийм л байсан, энэ жил ч бас ялгаагүй улсаас маш бага мөнгө төсөвлөж өгсөн. Холбооны зүгээс чадлаараа л ажиллаж байна. Мөнгө төгрөгөө хэд хувааж байж албан ёсны хэдхэн тэмцээндээ л арай ядан, оролцож байна. БТСГ-ын зүгээс улсаас өгсөн мөнгөнд нь л тааруулаад бидэнд хуваарилж байгаа байх. Үнэн хэрэгтээ улсаас өгч байгаа тэр мөнгө нь томоохон хэмжээний нэг удаагийн цугларалтыг ч дааж чадахгүй, тийм л хэмжээний мөнгө байдаг.

-Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэмтэл эдгэж, тэмцээнд оролцох боломжтой болсон гэж би ойлгосон. Э.Бадар-Ууганы хувьд олимпиос хойш нэг ч тэмцээнд оролцоогүй байгаа болохоор одоо л олон улсын тэмцээнүүдэд оролцуулж, формонд нь оруулах хэрэгтэй байх. Олимпийн аваргыг, бас дэлхийн аварга П.Сэрдамбыг оролцуулахаар төлөвлөж байгаа тэмцээн байгаа юу, ойрын хугацаанд?

-Тэмцээний урилга маш их ирж байгаа. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёрыг одоо гадагшаа хэд хэд явуулмаар л байна. Яг өнөөдрийн байдлаар бол П.Сэрдамбын хувьд хэсэг хугацаанд бэртлээ үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Э.Бадар-Ууган бол одоо гадагшаа явах боломжтой. Даанч гаднаас ирж байгаа А зэрэглэлийн тэмцээнүүдийн урилгыг хүлээж аваад, тамирчдаа оролцуулах боломж хүнд байна. Уг нь бид Болгарт бэлтгэл хийчихээд, түүний дараа шууд ОХУ-д болох А зэрэглэлийн хоёр ч тэмцээнд олимпийн аваргыг оролцуулъя гэж бодож байсан юм. Өнөөдрийн байдлаар гэхэд Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Украйнд болох А зэрэглэлийн тэмцээний гээд хэд хэдэн урилга, тэмцээний санал ирчихсэн л байна.

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр ирэх арваннэгдүгээр сард болох Азийн наадамд оролцох байх. П.Сэрдамбын бэлтгэл тэр болтол эдгэх боломжтой юу?

-П.Сэрдамба тэр хүртэл эмчилгээгээ сайн хийлгээд, Азийн наадамд оролцох болно.

-Зургаа, долдугаар сард болох тэмцээнүүдэд оролцвол, Азийн наадмын өмнө болж байгаа гэдгээрээ хэрэгтэй л юм даа, уг нь?

-Азийн наадмаас өмнө олон улсын тэмцээнд оролцох ёстой л гэж бодож байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд, улс спортод яг бодитой туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Манай заалаар ороод үзүүрэй. Энэ муу хэдэн тамирчид маань аль дээр үеийн урагдаж, муудсан хэдэн мешок, элэгдэж эвдэрсэн техник хэрэгсэл дээр л бэлтгэлээ хийж байна. Үнэхээр ичмээр гэх үү дээ. Шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин, заал танхим, хэрэгсэл материал зэрэг ахуйн асуудал дээр манайхан даанч нэг анхаарахгүй юм… Дуугүй байх аргагүй байгааг ойлгоно биз дээ.  Заримдаа би тамирчдаа хараад өрөвддөг, тийм зааланд бэлтгэл хийлгэж байгаадаа ичдэг байхгүй юу. Улс уг нь хөгжөөд байдаг, тамирчид маань чадлаараа зүтгээд байдаг. Харамсалтай нь, үнэхээрийн нүдэнд харагдаж, гарт баригдах туслалцаа дээрээсээ алга гэж л би хэлэх гээд байна. Бид нар аль юм болгонд, спортод элэгтэй энэ хэдэн компани, бизнесийнхний хоолыг зүгээр хороох вэ дээ. Сүүлдээ тэдэнд хандахаас ч халширах юм байна ш дээ. Энийг зөвөөр ойлгоосой гэж бодож байна.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж