Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт оршдог Хөшөөтийн нүүрсний уурхай Ховдчуудад төдийгүй монголчуудад танил болоод уджээ. Сайн чанарын нүүрстэй, нөөц ихтэй нь тогтоогдсон энэ уурхайд шуналын сэтгэлээр хандсан нь олон болохоос баялгийг улс эх орондоо ашигтайгаар олборлоё гэж санаа тавьсан нь цөөхөн. Тиймдээ ч Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий орд газарт оруулна, оруулахгүй гэдэг тухай яриа сүүлийн арваад жил тасраагүй. Мэдээж Хөшөөтөд шуналын сэтгэлээр хандагсад стратегийн ач холбогдол бүхий орд газарт оруулахгүй байхын төлөө хичээж, зүтгэсэн. Ил, далд янз бүрийн ашиг сонирхол, лобби хэт хөгжсөнөөс болоод Хөшөөтийн хувь заяаг хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч шийдэж чадаагүй юм. Харин энэ Засгийн газар гэнэт Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий орд газарт авахаар болж, энэ талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгасан тухай мэдээ сонсоод багагүй гайхлаа. Үнэхээр шударга зарчимаар энэ асуудлыг шийдчихэв үү, эсвэл улстөрчид, эрх мэдэлтнүүд Хөшөөтийг дахиад л “тоглоом”-ын байгаа болгох гэж байна уу… Одоохондоо Засгийн газрын дээрх шийдвэр Хөшөөтөд хятадууд дангаараа эзэн суучихгүй юм байна, Ховдчууд, монголчууд ашигаас нь хүртэх боломжтой болох юм байна гэсэн горьдлого төрүүлэх төдий байна. Цаашид олон асуудлыг араасаа дагуулах байх. УИХ-аар стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тогтоол гарчихвал тус уурхайн 51 хувь нь төрийн мэдэлд автоматаар шилжинэ гэсэн үг. Сайнаар бодоод төр мэдэлдээ авчихлаа гэхэд ард иргэдэд ашиг тустай байх нь бас л эргэлзээтэй. Улстөрийн шоу болоод дуусахгүй гэх баталгаа байхгүй. Энэ тухай үл нуршаад Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулсан УИХ-ын тогтоол гаргуулахын төлөө Засгийн газарт амжилт хүсье. Учир нь, УИХ-аар тогтоол гаргуулахгүйн тулд уурхайн тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, 100 хувь эзэмшдэг гэгддэг БНХАУ-ын компани болох “Мон Эн Ко” болон уг компанитай ашиг сонирхол нэгтэй зарим монгол ноёд гар хумхиад зүгээр суухгүй болов уу. Үнэн, худлыг бүү мэд, Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарсны дараа УИХ-аар тогтоол батлуулахгүйн төлөө “ажиллаад” эхэлсэн сураг дуулдана лээ. Олон улсын шvvхээр заргалдахаас эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн төлбөр олгуулах, өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэх гэх мэт олон асуудлаар Засгийн газрыг барьцаалж болзошгүй байгаа гэнэ.
Анх Хөшөөт стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад байсан. Даан ч уг уурхайд шуналын сэтгэлээр хандагсад нөөцийг нь худал мэдээлж, стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтаас хасуулж дөнгөсөн юм. Үүнийхээ дараа “Мон Эн Ко”-д зарсан гэдэг. Энэ тухай мэдээллийг анх 2007 оны үеэс Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс олон нийтэд дэлгэн, стратегийн орд газар оруулах саналыг сөхөж тавьсан билээ. Түүнээс хойш Хөшөөт олны анхаарлын төвд орж ирсэн. Коксжих нүүрсээр баялаг бөгөөд нөөцийн хэмжээгээрээ Таван толгойн дараа орох хэмжээний том орд гэдгийг тэр үеэс л хүмүүс мэддэг болсон. Бас эл уурхайн талаар тухайн үеийн төр засаг, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс ямар байр суурь баримталж байгааг олон нийт мэддэг болсон. Нутаг усаа худалдахгүй гэсэн сэтгэлтэй, баялгаа зүй зохистой ашиглах эрмэлзэлтэй хүмүүс Хөшөөтийг тэр нэгэн цагт олны анхааралд оруулсан шигээ одоо ч бас тэмцэх хэрэгтэй болов уу. Учир нь одоо Хөшөөт арваад жилийн өмнөх тэр өдрүүдээс дутахгүй асуудал дагуулж магадгүй. Ауудал гарахгүй бол мэдээж сайн. Эхэлсэн шигээ дуусгаж, Хөшөөтийг алдахгүй байхын төлөө амжилт хүсье.
Ц.ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин