Таван дүүрэгт дахин санал хурааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Таван дүүрэгт дахин санал хурааж магадгүй

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт дуусгавар болсон. Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн талаархи мэдээллийг өчигдөр хоёр цаг тутамд мэдээлж байсан бөгөөд  23.00 цагт эцсийн мэдээг гаргах байсан ч зарим аймгаас мэдээ ирэхгүй байгаа шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Одоогоор Увс, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгуудаас ирцийн дүн мэдээ ирээгүй байгаа юм байна.

СЕХ өнөөдөр сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийхгүй бололтой. Сонгуулийн тухай хуулинд зааснаар “Тойргийн хороод сонгуулийн дүн мэдээг долоо хоногийн дотор нэгтгэн СЕХ-нд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тиймээс сонгуулийн дүн мэдээ албан ёсоор гарах болоогүй юм байна.

Албан бус мэдээллээр нийслэлд хэд хэдэн дүүрэгт санал хүрээгүй учраас дахин санал хураах бололтой. Таван дүүргийн зарим хороонд дахин санал хураалт явуулж магадгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. 

Хан-Уул  дүүрэгт нийт 37 хэсгийн хороотой,  үүнээс 30 ирц хүрсэн, долоо нь ирц хүрээгүй. Нэр дэвшин сонгогдох 35 суудлаас 29 нэр дэвшигч сонгогдсон байна.

Сүхбаатар дүүрэгт нийт 41 хэсгийн хороотой, үүнээс 29 ирц хүрсэн, 12 нь ирц хүрээгүй.

Чингэлтэй дүүрэгт нийт 43 хэсгийн хороотой, үүнээс 29 ирц хүрсэн, 14 ирц хүрээгүй. Үүнд АН-аас 15, МАН-аас дөрвөн нэр дэвшигч сонгогдсон байна.

Баянзүрх дүүрэгт  79 хэсгийн хороотой, үүнээс 25 ирц хүрсэн, 54 хэсэгт ирц хүрээгүй.Нэр дэвшигч сонгогдох 28 суудлаас 10 нэр дэвшигч сонгогдсон. Тус дүүрэгт УИХ-ын сонгуулын дахин санал хураалт явагдсан боловч сонгогчдын ирц хүрээгүй.

Баянгол дүүрэгт 55 хэсгийн хорооноос 30 хэсгийн хороонд сонгуулийн ирц хүрсэн. 25 хэсгийн хороонд ирц хүрээгүй. Есөн нэр дэвшигч сонгогдоод байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 80 хэсгийн хороотой, үүнээс 45 ирц хүрсэн, 35 ирц хүрээгүй. Нэр дэвшин сонгогдох 32 суудаас 19 нэр дэвшигч сонгогдсоны хоёр нь МАХН, найм нь МАН, ес нь АН байна.

Багахангай дүрэгт бүх хороонд ирц хүрсэн. Нийт сонгогдох 11 суудлаас ес нь МАН-ын нэр дэвшигч, хоёр нь АН сонгогдсон.

Багануур дүүрэгт бүх хороонд ирц хүрсэн, нийт сонгогдох 25 суудлаас МАН 13, АН 12 суудал.

Налайх дүүрэгт бүх хороонд ирц хүрсэн, нийт сонгогдох 25 суудлаас МАН 11, АН 12, МАХН хоёр суудал тус тус авсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Мөн бүх дүүргүүдэд сугалааны журмаар тус бүр хоёр хэсгийн  хороог сонгож, хяналтын тооллого явуулж дууссан, ямар нэгэн зөрчил, маргаан гараагүй байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж