”Том амбицтай, мэдрэмжтэй гэдгээ харуулах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

”Том амбицтай, мэдрэмжтэй гэдгээ харуулах хэрэгтэй”

Монгол улсын Засгийн газраас гаргах 5 тэрбум ам.долларын бонд, түүний олон улсын зах зээл дэх эрэлт, дэлхийн улс орнуудын Засгийн газрын бондын туршлагын талаар Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

Монгол улсын  Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр ямар туршлагатай вэ?

Монгол улсын хувьд богино хугацааны тогтмол бонд байдаггүй. Тиймээс Засгийн газрын  бонд хөрөнгийн захыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн суурь хүүг тогтоож өгдөг учраас. Манай улсын Засгийн газар бонд гаргадаггүй, Төв банк үнэт цаас гаргадаг байсан. Дэлхийд төв банк нь үнэт цаас гаргадаг туршлага ховор. Цөөхөн хэдхэн улс байдгийн нэг нь Монгол. Гэхдээ  өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг харахад Засгийн газар нь богино хугацаатай бонд гаргаж, Төв банк нь бондын зах зээл дээр мөнгөний бодлогын арга механизмаа хэрэгжүүлдэг. Төв банк өөрөө үнэт цаас гаргаад түүндээ мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь төдийлөн оновчтой бус, үр нөлөө нь шууд мэдэгддэггүй юм шиг санагддаг.

Таван тэрбум ам.долларын бонд гаргаснаар Монгол улсын өр нэмэгдэнэ гэж санаа зовдог асуудал бий?

Таван тэрбум ам.доллартай тэнцэхүйц бонд урт хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх бөгөөд мөнгийг төсвийн урсгал зардлын санхүүжилтэд ашиглаж болохгүй. Энэ тохиолдолд мөнгө эргэж хэзээ ч төлөгдөхгүй. Үүний муу жишээ бол Грек улс. Өнөөдөр Грек улсад хэн ч итгэхгүй байна. Амжилттай бизнес гэдэг нь итгэл, санхүүгийн нарийн дэглэм дээр тогтдог “алтан дүрэмтэй”. Итгэхгүй байна гэдэг хэзээ ч  санхүүжилт олохгүй, тэр хэрээр бизнес чинь сэргэхгүй гэсэн үг. Грек улсын хувьд бодлогогүйгээр бий болгосон том өрийг төлөхийн тулд ”бүсээ чангалах” хэрэгтэй болсон. Ард түмэн нь үүнийг эсэргүүцэн бослого гаргаж байна.  Нэг улс юм бол нэг дуугаар зэрэг хөдөлж асуудлаа шийдэх ёстой.

Нөгөө талаас урт хугацааны бонд гарган амжилттай хөгжсөн Канад, Шинэ Зеланд гээд олон орны туршлага бий. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд эргээд ямар нэг хэлбэрээр мөнгө орж ирж байдаг. Улаанбаатар хотод орчин үеийн тээврийн системийг 500 сая ам.долларын өртөгөөр барьж байгуулахад эргээд 5-10 жилд тэрхүү хөрөнгөө нөхөөд олдог, ашигтай ажилладаг байх ёстой юм. Ингэснээр бид өрийн “хар нүх” рүү унахгүй байх боломжтой. Улаанбаатар хотод тээврийн систем хангалттай хөгжөөгүй учир хүн болгон машин авахыг хүсдэг. Гэтэл Хонконг юм уу, Сингапурт хувийн машинтай байснаас улсын тээврийн хэрэгслээр явах нь илүү тав тухтай, хурдан бөгөөд хямд байдаг шүү дээ.

Урт хугацааны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхдээ юуг онцгой анхаарах ёстой вэ?

Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хамгийн багадаа 5-10 жил байдаг. Энэ нь эдийн засгаа урт хугацаанд төлөвлөх хэрэгтэйг харуулж байгаа юм. Өнөөдрийг хүртэл манай улсын эдийн засаг урт хугацааны төлөвлөлтгүй явж ирсэн. Төлөвлөлт гэдэг нь цаасан дээр буулгасныг бүгд хүлээн зөвшөөрч, аль ч Засгийн газар солигдохоос үл хамааран цаг хугацаандаа яг таг мөрдөгдөж явахыг хэлнэ. Мөнгө хөрөнгийг нь тооцоод төлөвлөчихсөн, дагаж мөрддөг механизм, хууль эрх зүйн орчинтой, түүнийг төрийн албан хаагчид нь хэрэгжүүлдэг байх ёстой юм. Түүнээс биш Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөөд байвал урт хугацааны бүтээн байгуулалт хэзээ ч үр дүнд хүрч чадахгүй. Одоо бол, олон улсын шинжээчдийн ч, манайхны ч бичсэн зузаан зузаан хавтастай төлөвлөгөөнүүд хэн нэгэн даргын шүүгээний мухарт хэвтэж байгаа жишээ олон байна шүү дээ.

Манай улс эдийн засгийн бодлогоо хамгийн багадаа 50 жилээр төлөвлөх хэрэгтэй байна. Энэ хугацааны ажлаа тооцож төлөвлөж байж бонд гарган хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Төлөвлөгөөгүй зүйл эргээд хэн нэгний лобби, урсгал зардал руу хэлбийх эрсдэлтэй. Миний бодлоор, Оюутолгой, Тавантолгой бол манай улсын хөгжлийн төлөвлөгөө биш. Төр бодлогоо баримталдаг, бизнесээ дэмждэг, олон улсад явж гэрээ хэлцэл байгуулдаг бол бизнесүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж, ажлын байр бий болгодог.

Харин бүтээн байгуулалт нь алсын бодлоготой, үр өгөөжтэй төсөл байх хэрэгтэй. Жишээ нь, 1000 хүн амтай сум руу зам барихад зам нь өөрөө бүтээн байгуулалт боловч үр ашиг гэх зүйл бараг үгүй юм. Цагт ганцхан машин явдаг зам байхаар үр ашиг нь ямар байх билээ. Өөрөөр хэлбэл, энэ нь хэзээ ч эргэж төлөгдөхгүй хөрөнгө оруулалт. Бүтээн байгуулалт гэхээр л манайхан зам, дулааны дэд бүтэц, хог хаягдлын менежмент, тээврийн асуудлыг ярьдаг.

Харин сүүлийн үед Монгол банкнаас хөндөх болсон нэг зүйл бол supply chan буюу нийлүүлэлтийн суваг юм. Хэрэглэгчийн гар дээр бараа бүтээгдэхүүн чанарын алдагдалгүй, түргэн шуурхай хүрдэг системийг бий болгосноор инфляцийг бууруулах боломжтой. Жишээ нь, Хятад улсаас хүнсний ногоо татаж авахад вагон хүлээгээд хил дээр саатахад агуулахад мөнгө төлдөг. Монгол улс руу оруулж ирэхэд хөргүүртэй вагон байдаггүй, ачилтыг нь түргэн шуурхай хийлгэхийн тулд даргатай нь очиж уулзан лобби хийх хэрэгтэй болдог. Ийм бэрхшээлүүдээс болоод өндөр үнэтэй мөртлөө чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа юм.

Монголын Засгийн газрын гаргах бондын гадаад зах зээл дэх эрэлт хэр байна вэ?

Таван тэрбум ам.доллар бол хангалттай мөнгө биш. Илүү сайн төлөвлөж чадах юм бол үүнээс ч илүү авах хэрэгтэй. Олон улсын зах дээр ийм эрэлт байгаа гэж үзэж байна.  Мэдээж хэдэн төгрөгийн хүүтэй авах нь маш чухал. 7-8 хувь бол өндөр, харин 4-5 хувь гэдэг бол сайн.  Манай улсын бондын эрэлт маш их байна. Олон улсын эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа нь үнэн. Гэхдээ Монгол улсыг дэлхий харж байна. Оюутолгой, Тавантолгой гэдэг утгаар нь биш.  2100 он бол Азийн зуун болно. Ази тивийн хоймор дахь Монгол улс энэхүү тивийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна гэдэг өнцгөөс дэлхий сонирхон харж байна. Харин Монгол улс маш том амбицтай, мэдрэмжтэй, эрч хүчтэйгээс гадна тогтвортой гэдгээ дэлхийд харуулах хэрэгтэй.  Үүний тулд Монгол улсын төрийн бодлого тодорхой тогтвортой байх ёстой.      

Олон улсын зах зээлийн өнөөгийн байдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

Олон улсын эдийн засаг одоогоор шилжилтийн байдалтай, маш тодорхойгүй байна. 1950 он хүртэл Их Британи, Европ дэлхийн эдийн засгийн хандлагыг тодорхойлдог байлаа. Харин 1950 оноос хойш АНУ энэ хандлагыг бүхэлд нь шийдэж ирсэн бол өнөөдөр Ази руу шилжиж байгаа үе учир тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. 

Солонгос улс ердөө 20-30 жилийн өмнө манайх шиг л байсан. “Samsung” маркийн бүтээгдэхүүн өнөөдөр олон улсын цахилгаан барааны зах зээл дээр ноёлж, дэлхийн хоёр дахь том компани болжээ. Тэгвэл 50 жилийн дараа яагаад Монгол улс дэлхийн  хөгжлийн загвар гэж ярьж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг бид өнөөдөр ярих ёстой.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

                                             
      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж