Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин өрсөлдөж буй бөгөөд тэд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсгийн шатны тоглолтоос харгалзан A1-D4, B2-C3, D1-B4, C2-D3 зэрэг оноолтоор халз өрсөлдөх юм.
“А” хэсэгт өрсөлдсөн их мастер Д.Эрдэнэбилэг хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожсоноор хэсгээ тэргүүлж, улмаар Малайзын даамчин Л.Тижитэй тоглохоор болжээ. “В” хэсгийг мөн Монголын тамирчин Г.Ганжаргал тэргүүлснээр дараагийн шатанд Малайзын В.Пандьянтай өрсөлдөх болсон байна. “D” хэсэгт мөн Д.Баттулга манлайлснаар дараагийн шатанд Тажикистаны даамчин А.Кургановтой тоглох бол О.Түвшинболд Японы С.Ямбэтэй, Д.Ганболд Сингапурын И.Жейсонтой тоглохоор оноолт таарчээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн орны найман тамирчин швейцарь системээр өрсөлдөж буй юм. Гурван өргийн дараах байдлаар Монголын тамирчин М.Нямжаргал хоёр хожиж, нэг тэнцсэнээр таван оноотой тэргүүлж байгаа бол Ц.Энхцэцэг /4 оноо/ хоёрдугаарт, Б.Нандинцэцэг /3 оноо/ тав, харин Э.Мандахнаран /2 оноо/ долдугаар байрт тус тус бичигдээд байна.
Тэмцээний аваргууд энэ сарын 25-нд буюу ирэх ням гаригт тодрох бөгөөд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.