Хувьцааны ханш чөлөөтэй тогтох болно гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Хувьцааны ханш чөлөөтэй тогтох болно гэв

Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны арванхооёрдугаар сард гаргасан “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” тогтоолоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын хуралдаанаараа хүчингүй болсонд тооцох шийдвэр гаргажээ. Энэ талаар тус хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатаас тодрууллаа.

-Тогтоолыг яагаад хүчингүй болгосон юм бэ?
 
-Энэхүү шийдвэр нь цаг үеийн шинж чанартай, нэг удаагийн арга хэмжээ байсан. Зах зээлийн хямралтай байдлыг далимдуулж үнэт цаасны ханшийг бодитой бус хэмжээгээр хэт унагаж хувьцаанд хөрөнгө оруулаад байсан хөрөнгө оруулагчдын хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэхээр дээрх тогтоолыг гаргасан байсан. Тодруулбал, нэр бүхий хувьцааны ханшийг тухайн хувьцааны нэрлэсэн үнийн 75 хувиас доош буулгахгүй байхаар түр хязгаар тогтоож өгсөн. Нэр бүхий хувьцаа гэдэгт цаг хугацааны хувьд сүүлийн хоёр жил шинээр үнэт гаргасан компаниуд буюу хөрөнгийн үнэлгээ, өмч, хөрөнгө нь бодитой байгаа, хувьцаа гаргаж нийтээс татсан хөрөнгөөрөө үйл ажиллага явуулж байгаа компаниудын хувьцаа хамаарч байгаа юм.

-Тогтоол үр дүнгээ өгсөн үү?

-Энэ арга хэмжээ нь тухайн цаг үедээ оновчтой шийдвэр байсан гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулагчдыг зохиомол эрсдлээс хамгаалж чадсан. Харин нэгэнт зах зээлийн хямралт байдал арилсан, хямралтай холбоотой олон нийтийн үймээн намжсан тул хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар 133 дугаар тогтоол гаргаж дээрх шийдвэрийг хүчингүй болгосонд тооцсон.

-Хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татсан компаниудын хувьцааны ханш нэрлэсэн үнийнхээ 75 хувьтай тэнцэх хэмжээнээс доош унахгүй байхаар хязгаарлаж байсныг чөлөөлсөн гэсэн үг үү?

-Тийм ээ, дээрх тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул үүнээс хойш дээрх хязгаарт хамрагдаж байсан хувьцааны ханш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмын дагуу чөлөөтэй тогтох болно.

Б.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж