Хятадад жиргээчнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Хятадад жиргээчнийг баривчлав

Хятадын Коммунист намын их хурлыг егөөдсөн утгатай зүйл твиттерт бичсэнээс болж цагдаа нарт баривчлагдсан жиргээчнийг өмөөрсөн хэдэн зуун хүн Бээжин хотод эсэргүүцэн жагсчээ.

Хятадын коммунист намын их хурал өнгөрсөн долоо хоногт өндөрлөж, лидерүүдээ сонгосноос хойш тус улсын эрх баригчид намыг нь ямар нэг байдлаар эсэргүүцсэн, сөргөлдсөн хэнийг болов баривчлан хориход бэлэн байгаа аж. Хятадын эрх баригчид коммунист намын их хурлынхаа өмнө тэрс үзэлтнүүдийг элдэв хэл ам гаргаж, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татах оролдлого гаргахаас сэргийлж тэднийг бүгдийг нь бөөнөөр нь хотоос гаргаж хорьсон байна.

Харин өчигдөр Бээжин хотод баривчлагдсан жиргээч “Эцсийн зогсоол” нэртэй аймшгийн киноны шинэ ангид Хятадын Ардын танхим намын гишүүдийн дээрээс Ардын их хурлын ордон нуран унаж буйг харуулна. Дэлхий нийтийг цочоосон энэ кино энэ сарын 8-нд дэлхий даяар үзнэ”  хэмээн бичсэн нь түүнийг буруутан болгожээ. Ийм зүйл бичсэнээс хойш хэдэн хоног жиргээч сураггүй болсон бөгөөд санаа зовсон найз нөхөд нь гэрт нь очиход түүнийг цагдаа нар баривчлаад явсныг сонсчээ. Цагдаа нар түүний компьютерыг мөн хураан авсан аж.

Цагдаа нар түүнийг алан хядах утга агуулгатай мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Хятадын хуулинд зааснаар ийм хэрэгт дээд тал нь таван жил  шоронд хорих ял оноодог байна. Үүнтэй адил хэрэг Энэтхэгт мөн өчигдөр гарсан бөгөөд нөлөө бүхий улс төрчийн үхлээс болж Мумбай хотыг хаасныг эсэргүүцэж Facebook-т коммент үлдээсэн бүсгүй баривчлагдсан. Түүний “Өдөр бүр л хүн төрж, үхэж байдаг. Улстөрчийн үхлээс болж хотыг хаах ямар хэрэгтэй юм бэ?” гэж бичсэн комментыг Мумбай хотын цагдаа нар нийгэмд үзэн ядсан, дайсагнасан суртал ухуулга явуулсан гэж буруутгасан байна. Гэвч бүсгүйг үүнийхээ төлөө уучлал гуйсны дараа батлан даалтад гаргажээ.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж