Алхам газрын цаадах наадах алд дэлэм ялгаа

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Алхам газрын цаадах наадах алд дэлэм ялгаа

Жавар цийлэгнэж, тэнгэр цэхэлзсэн өдөр өмнөд хөршийг зорив. Очих газар маань энүүхэн хилийн цаадахь Эрээн хот. Хүн бүхний мэддэг зүйлийн тухай бичнэ гэдэг бэрхтэй. Эргэж ирээд замын тэмдэглэл бичилтэй биш. Онигоо болно биз дээ. Гэвч Эрээн хотын өнгө төрх, өргөжин тэлж байгааг өөрийнхтэйгөө жишихээр гашуун атаархал эрхгүй төрөх аж. Бидэнд энэ байтугай боломж байгаа гэх бодол нэхэл хатуутай дагах авай.

 Галт тэргээр дүүрэн энэ хотыг зоригсод явж байна. Мээмээ хөхсөн нялх амьтан, таяг тулсан эмээ ч явна. Хил гаалийнхан хөнгөн шуурхай, ирж л байдаг, явж л байдаг гэсэн шиг эмоци багатай хүмүүс аж. Эрээн явах нь Долоон буудал орохоос ч амар болсон мэт ээ.

1990-ээд оны эхээр Эрээнд анх очиж билээ. Хамхуул хийссэн шар талын дунд шавар тагз бүхий утаа тунарсан багахан суурин байсан сан. Хамгийн том барилга нь “Эрлян” хэмээх гурван давхар зочид буудал, “Бүдүүн” дэлгүүр хоёр л байсан байх. Тэндхийн хөл дүүжлэх унаа нь явган дугуй, өмсдөг хувцас нь хөх даалимбан хөвөнтэй өмд цамц голдуу байсан санагдана. Одоо ингэж хэлбэл өөдөөс цохиод авах нь холгүй биз. Учир нь ийм дүр зураг хойно хоцорч, мартагджээ, энэ хэдхэн жилд. Харин байсан төрхөөрөө хадгалагдаж үлдсэн газар бол манай Замын Үүд. Тэр үед тийм л байсан, тэр янзаараа. Элсэн дундах нэгэн хэвийн дан байшингууд, чөлөөт бүсийн гэх хаягтай элсэнд дарагдсан хоосон том хашаа, хоол зарсан авгайчуул, авдаг өгдгөө чамласан ачаа зөөгчид, архи сэнгэнүүлсэн ажилгүйчүүд, золбин ноход, уйтгартайхан дүр төрх. Эрхбиш цаг хугацаа өнгөрсөн болохоороо ганц хоёр шинэ байшин барилга нэмэгдсэн байж таарна.

Харин тавхан алхмын цаана бол огт өөр дүр зураг угтана. Тэр бол Эрээн хот. Галт тэрэгний цонхоор харахад агч моднууд ногоон хэвээрээ сүглийж байна. Энэ модыг Монголд аваачиж тарьвал сайхан ургана даа хэмээн хамт явсан нэгэн санаашрав. Мод цэцэг эзэн хүний сэтгэлээр л ургадаг юм. Сэтгэл гаргахгүй бол мянган сайхан мод аваачаад ч ургахгүй гэж хариуд нь тэндээс хошуу нэмэв. Монголоо гэх санаашралд нь баярлахаас яахав.

Бодлогын зөрүү, сэтгэл дутахын хамгийн тод томруун тусгал гэвэл энэ Замын үүд, Эрээн хоёрын алхам газрын цаадах наадах алд дэлэм ялгаа байх. Өөдлөх айл үүднээсээ гэлцдэг. Эрээн хот өмнөд умард этгээддээ хоёр ланжгар хаалгатай. Хойд хаалга бол “Та БНХАУ хэмээх их гүрэнд хөл тавилаа” гэдгийг зорчигчдод мэдрүүлж, усыг нь уувал ёсыг нь дагах тухай сануулдаг биз ээ. Эрээн хот өөрийн гэсэн имиж илэрхийллээ дэлхий нийтэд зугуухан таниулж байна. Тэр нь үлэг гүрвэлийн өлгий нутаг гэсэн тодотгол. Хотоосоо холгүй үлэг гүрвэлийн музей байгуулчихсан, тэр нь гадаад дотоодынхныг ёстой нэг даллаж байгаа гэнэ. Аялал жуулчлалын томоохон урсгалыг эзгүй талд бий болгочихжээ. Эрээн хотын урд хэсэг эрт галавын үеийг санагдуулам болчихсон байна. Толгой хошуугаа нийлүүлсэн хоёр аварга гүрвэл энэ хотын өмнөд хаалга нь. Тэндээс нааш эртний ой сүглийж, энд тэндгүй элдэв төрлийн үлэг гүрвэл “бэлчээрлэн” байх авай. Эрт, эдүгээ цаг хугацааны хоёр орчил энд сүлэлдэн байх шиг төсөөлөгдөнө. Учир нь хотын өмнөд хэсгээр аварга том салхин сэнсийг олноор нь барьж байгуулжээ. Нэг бүр нь 10 сая еврогийн үнэтэй бөгөөд энэ салхин сэнснүүд нэг удаа эргэхдээ 1000 ватт эрчим хүч үйлдвэрлэж байдаг гэсэн. Үндсэндээ Эрээн хотынхон эко эрчим хүчээр хангагдаж байгаа бололтой. Мөнөөх тэр олон гүрвэлийн барималыг нэг бүрчлэн явж сонирхоно гэвэл нэг байтугай өдөр хэрэгтэй болох янзтай юм. Юмханаар юм хийж, аливааг санаж сэрэхийн жишээ энэ биш гэж үү. Уг нь Монгол нутаг “Үлэг гүрвэлийн цэцэрлэг” гэсэн тодотголтой байсан нь саяхных шиг санагдаад байх юм. Энэ бол бидний том боломж байжээ хэмээн гашуухнаар бодож үзлээ. Хурдны зам, төмөр зам дундуур нь дайран өнгөрөх энэ хот үлэг гүрвэлийн өлгий нутаг гэсэн тодотгол имижээрээ ертөнцийнхний сонирхол шохоорхлыг хэдийнэ татааад эхэлчихсэн. Урьтсан нь хожиж, урд гишгэсэн нь хол явдаг хорвоо хойно, бэлээхэн боломжоо бид ашиглаж чадалгүй алдчихсан мэт. Монгол бол үлэг гүрвэлийн өлгий гээд эзэнгүй улаан шавраа үзүүлээд энд амьдарч байсан юм гэнэ лээ хэмээн үлгэр ярилтай биш.

Эрээн хот эдүгээ буусан суусантайгаа нийлээд 100 мянга орчим хүн амтай гэнэ. Ирсэн хүн суурьшина гэхээс эргэж явах гээд байдаггүй хэмээн ярьж байна лээ. Утаа хоггүй, эмх цэгц зохион байгуулалттай, оршин суугчиддаа төвөг удах юм байхгүй. Ялангуяа зам харгуй, гэгээ гэрэлтүүлэг бол “ОК” л гэхээс өөр үггүй. Бодож төлөвлөсөн зохион байгуулалт, хууль журамд захирагдах дадал хэвшил, удирдлага нь танил талын улаан нүүр, улс төрчдөөс ангид байхын ид шид л энэ байх гэмээр. Монголд бол бүр өөр. Хэтрүүлж хэлбэл, хэрэв том танил талтай бол Сүхбаатарын талбайдаа ч нийтийн бие засах газар барьчих боломж бий. Өөрөөр хэлбэл бүх юм л амин хувийн болоод танил тал, улс төрийн эрх ашгаар явдаг. Тийм болохоор л эх орныхоо нийслэлийг Эрээнтэй жиших бодол толгой тархинд эргэлдэнэ. Эрх биш монгол хүн байна даа, бэлэгдлээ бодоод “дэмий” бодлоо гээмээр. Гэвч нүдэнд ил байгаа бүхэн эргэж өдөөнө.

Эрээн-2 шинэ хотхон байгуулах гээд засмал зам тавьчихсан, халуун хүйтэн усыг нь татчихсан байна лээ. Хөрөнгө оруулагч хэнбугай ч тэнд байшин барилгаа барьж болно. Орон сууц олноороо баригдаж байгаа, нэг метр квадратын үнэ нь манайхаар бол хагас сая төгрөг. Байр авч байгаа хүн улсаас дэмжлэгтэй. Дээр нь хүмүүсийнх цалин хөлс боломжийн, бараа бүтээгдэхүүний үнэ нь хямд болохоор оршин амьдрахуйн тухайд асуудал бага аж. Тэндхийн хямд барааг Монголд авчраад хоёр гурав нугалаад зарахад энд хямддаа тооцогдоно. Гэтэл бидний авдаг өгдөг цалин хөлс нь хэд билээ.

Хятадууд ирсэн гарсан зочиндоо ер нь бийлэгжүү загнах аж. “Энэ нэгдлийнхэн ч мөнгөтэй бололтой дог шүү” гэдэг Эрээнийхэн ч мөн мөнгөтэй хүмүүс бололтой. “Хүмүүс мөнгөтэй болоод аль үнэтэйг нь гэдэг болсон. Харин танайхан л хямдыг нь түүх юм” хэмээн нэгэн өвөрлөгч эр хэлж байна лээ. Хямдыг нь түүж байгаа тэднийг буруутгах юун. Монголын төр засгийн холын хараагүй харалган бодлогын харгай л ингэж иргэдээ гахай чирч гандаж гундаж явуулахад хүргэж байгаа биш гэж үү. Монголоо гэх эзэн сэтгэл, монголчуудаа гэх эцэг хайрыг хаанаас хайх вэ.

П.БУЛГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж