
БОНХЯ-ны дэргэд байгуулсан Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасаг Сэлэнгэ, Төв аймгийн зарим суманд ажиллаж хулгайгаар мод бэлтгэсэн албан тушаалтантай холбоотой тав, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой гурав, хувь хүнтэй холбоотой арав, эзэнгүй хоёр гээд нийт 20 гаруй зөрчил илрүүлснийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Шалгалтын багийнхны илрүүлсэн зарим зөрчлөөс мэдээлвэл, А-340 тоот захирамжаар ойд явуулах үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 10 хүртэл түр хугацаагаар зогсоосон байтал Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Ойн тухай хуулийг зөрчин ойг нээж Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг суманд өнгөрсөн аравдугаар сарын 25-наас эхлэн мод бэлтгэх ажлыг явуулж эхэлжээ. Мөн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нь Ойн ангийн ажилчдаараа Ойн тухай хуулийн 18.3.1-д заасан ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийлгэж, 18.3.2-д заасан бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг орлогч В.Түмэндэмбэрэлд хариуцуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж буй тухай хуулийн байгууллагынхан өгүүлсэн. Энэ тухайгаа тэд “Засаг даргын орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар нь “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-д бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ, гоожин зэргийг хуваарь хэтрүүлэн, бөөнөөр олгосон. Гэтэл Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг дээрх компани нь ойгоос мод бэлтгэх технологийн заавар мөрдөөгүй төдийгүй удаа дараа хууль зөрчин их хэмжээний мод бэлтгэсэн нь тогтоогдлоо. Тухайлбал, тус компани нь 2012 онд хэрэглээний мод 690 шоо м, түлээ 250 шоо м бэлтгэх хуваарьтай байсан атал аж ахуйн хашаанд нь нарсан палк 686 ширхэг, 32-ын банз найман шоо м, зах банз хоёр шоо м, хэрэглээний мод 1420 шоо м байгаа нь мод бэлтгэх хуваарийг хэтрүүлсэн гэж дүгнэхэд хүргэсэн. Үүнээс гадна бичиг баримтыг нь шалгахад их хэмжээний гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот руу хэрэглээний мод тээвэрлэсэн нь тогтоогдсон төдийгүй Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь мөн л зөвшөөрөлгүй газраас зөвшөөрөлгүйгээр ногоон мод бэлтгэж байсан нь илэрсэн” хэмээлээ.
Салбарын яамны мэдээлснээр хотын ойр орчимд модны хулгай хамгийн их гардаг байна. Тодруулбал, дээрх арга хэмжээний хүрээнд Партизаны нүхэн гүүр, Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг буюу 361-ийн гарам орчмын постын чиглэлд гарч ажилласан албан хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 325 тээврийн хэрэгсэл шалгаснаас хууль бусаар 50 шоо м мод, 1470 шуудай мод, 190 ширхэг палк, 10 боодол брус мод илрүүлсэн ба эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр дүүргийн Цагдаагийн хэлтэст өгчээ. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Зуслангийн цагдаагийн хэсэг дээрх байнгын постод шалгалтын багийнхан ажиллах үеэр хууль бусаар мод бэлтгэж байсан зөрчил илэрсэн. Тодруулбал, нийслэлийн бүх дүүрэгт гарсан байнгын постуудад гэхэд нийт 453 тээврийн хэрэгсэл шалгаснаас зохих зөвшөөрөлгүй хууль бусаар тээвэрлэсэн 13 шоо м, 990 шуудай түлээний, 18 шоо м палк модыг тус тус илрүүлэн харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Дашрамд дуулгахад, хулгайн модтой тэмцэхэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээс мэдээлэл авах үүднээс Засгийн газрын 11-11 төвийн болон Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн 51-266315, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 51-264957 утсаар тогтмол мэдээлэл авч хяналт, шалгалт явуулах юм байна.
