”Сүхбаатар киноны зохиолыг оросууд булаачихсан гэдэг”

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

”Сүхбаатар киноны зохиолыг оросууд булаачихсан гэдэг”

Монголд циркийн урлагийг  үндэслэгч БНМАУ-ын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ой  тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд  өнөөдөр  гэхэд түүний отгон охин Р.Нарантуяагийн аав, ээждээ зориулж бичсэн “Шарласан хуудаснаас амилах аавын минь дүр төрх” номын нээлт болох юм. Ингээд Ж.Раднаабазар гэдэг айлын удам судрыг нь судалж, отгон охин хэл бичгийн ухааны доктор, профессор Р.Нарантуяатай хөөрөлдлөө.

-Монголын циркийг үндэс­лэгч  таны аав Ж.Раднаа­базарын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд үр хүүхдүүд нь чухам юу хийж буйг сонирхож болох уу?

-Аавынхаа мэндэлсний 70, 80, 90 жилийн ойг нь тэмдэглэсэн. Энэ жил 100 жилийнх нь ойг илүү өргөн хүрээтэй, үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Засгийн газраас 100 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу  ССАЖЯ-наас комисс гарч, циркийн сургуулиуд нэгдэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Хөгжим бүжгийн коллеж аавын нэрэмжит циркийн танхимтай боллоо.

-Та аавыгаа ямар хүн байсныг хэр сайн мэдэх вэ?

-Анх 1940 онд Циркийн сургуулийг үүсгэн байгуулж, 1942 онд хуучин Циркийг нээсэн. Яармагийн дэнж дээр анх задгай цирк байгуулсан хүн шүү дээ. Тэр циркээ улс хувьсгалын ойг тохиолдуулан нээсэн юм. Ингээд ирээдүйн циркчдийг бэлтгэх гараагаа эхлүүлсэн. Хуучин циркийн суурийг тавьж, тэр оныхоо хоёрдугаар сард нээлтээ хийж Өвлийн цирк хэмээн нэрлэсэн гэдэг. Тэгээд 1947 онд 35 насандаа авто ослоор нас барсан.   Би аавыгаа ямар хүн байсныг мэдэхгүй шүү дээ. Аавыг өөд болоод хориод хоносны  дараа би төрсөн юм. Эцгийн талаар ямар ч ойлголт байхгүй. Манай ах эгч нар ч бага байхдаа өнчирч үлдсэн. Миний аав тийм хүн байсан гэх ямар ч дурсамж байхгүй. Улсын циркийг үндэслэн байгуулагч Ж.Раднаабазарын хүүхдүүд гэдгээ сайн мэднэ.

-Аавынх нь авьяасыг мөнхжүүлж, үр хүүхдийг нь насанд хүртэл нь тэжээх тогтоол гарч байсан гэсэн?

-БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны дөрөвдүгээр сарын 25-ны хурлаар “Гэнэтийн ослоор нас нөгчсөн улсын гавьяат жүжигчин нөхөр Ж.Раднаабазарын дурсгалыг мөнхжүүлж түүний гэр бүлд үзүүлэх тусламжийн тухай” гэсэн тогтоол гаргасан байдаг юм. Энэ тогтоолоос аавыг хэр алдар нэртэй хүн байсан юм гэдгийг мэднэ. Бидэнд тэтгэмжийн мөнгө гэж сар бүр 100 төгрөг өгдөг байсан. Тухайн үедээ их мөнгө шүү дээ. Байрныхаа мөнгийг төлнө, хоол хүнс, хувцсаа авна гээд их хэрэг болдог байж. Ээж минь ид залуугаараа ханиасаа хагацаж, олон жаахан хүүхэдтэй үлдсэн болохоор амьдрал хэцүү байсан биз. Тухайн үед ажил алба гэж байгаагүй. Тэгээд эмч болохоор шийдэж 1948 онд МУИС-ийн анагаах ухааны ангид орсон гэсэн.

-Ээжийг тань Монголын рашаан сувиллын газрыг үүсгэн байгуулагч, гавьяат эмч гэдгийг хүмүүс мэддэг юм билээ. Та ээжийнхээ тухай ярьж өгөөч?

-Миний ээж Дугарын Дэнсмаа гэж гавьяат эмч, дэд доктор цолтой хүн байлаа. Монголын бүх рашаан сувиллыг үүсгэн байгуулагч, дарга байсныг хүмүүс андахгүй болов уу. Анх 1954 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд их эмчээр ажиллаж байхад Өвөрхангай аймгийн Хужиртын рашаан сувиллын даргаар томилж, ажил сайжруулах үүрэг даалгавар өгсөн гэдэг. Ээж минь тэнд байшин барьж, рашаан сувиллын олон талын эмчилгээ үйлчилгээний шинэ салбарыг нээсэн. Тэгээд 1957 онд Улаанбаатар рашаан сувиллын даргаар томилогдож, барилгынх нь өргөтгөлийг хийлгэж, 70 хүн хүлээн авах хүчин чадалтай болгосон. Хужирт, Улаанбаатар, Жанчивлан сувиллын даргаар ажиллаж, 1960 онд “Алтангадас” одонгоор шагнуулсан. Москвад рашаан сувиллын төв институьтэт анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, Монголын рашаан сувиллын салбарын анхны эрдэмтэн болсон. Энэ хүний хийсэн гавьяа гэвэл рашааныг судалж, шинжлэх ухааны бүтээл болгосон, сувиллыг түшиглэн амралтын газар байгуулж, бүтээн босголт хийсэн. Рашаан сувиллаар анагаах боловсролыг их дээд сургуульд олгож эхэлсэн байдаг юм. Миний ээж 1989 онд 81 насандаа өөд болсон. Хэдэн хүүхдээ өсгөхийн тулд 40 гаруй жил ганцаараа зүтгэсэн дээ.

-Аав ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж сайхан номон суварга босгожээ. Ном бүтээх санаа хэдийгээс төрөв?

-Хоёр ачтаныхаа талаар дурсамж дурдатгал бичилтэй биш дээ. Манайд аавын юм гээд улаан бааданд боосон баахан цаас байсан. Энэ зүйл жилээс жилд нимгэрээд л байгаа. Тэндээс он цагийн шарласан хуудаснаас нэгжиж үзсэн архивын баримт бичигнээс үлдсэн цаас, ээжийн дурсамж, аавын хөрөгнөөс шигшиж аваад “Шарласан хуудаснаас амилах аавын минь дүр төрх” гэсэн ном бичлээ. Бид циркийг үндэслэн байгуулагч Раднаабазарын хүүхдүүд гээд алдар нэр, авьяас билгийг нь ярьж явсаар өдий хүрчээ. Энэ номонд аавынхаа намтрыг бичсэнгүй. Ер нь аавыгаа хүний ёсноос нь харж “Миний аав яг ямар хүн байсан юм бэ” гэдэг талаас нь илүү харж бичихийг зорьсон. Гэхдээ хожимдсон ухаарал гэдгээ ойлголоо. Хүний ёсноос нь харах гэтэл ээж минь нас барсан, үе тэнгийнхэн нь байхгүй. Хэдий намтар түүх нь номонд байдаг ч түүнийг нь сайн мэдэхгүй. Номондоо залуу хүний ариухан хайр сэтгэл, ээжид бичсэн захидлууд, аав ээж хоёрын туулсан амьдрал, амжилт бүтээл, тухайн үеийн төр улсын байдал ямар байсан талаар ч бичсэн. Аавыг Циркийн сургууль байгуулсны дараа долдугаар сарын 7-нд Энхтуяа эгч төржээ. Дутуу төрсөн юм гэнэ лээ. Тэр үед ээжид бичиж байсан захидлууд байдаг. Дутуу төрлөө гэдгийг сонсоод ээжид “За яах вэ. Амьд мэнд байвал боллоо. Жижиг биетэй төрсөн нь аавыгаа дуурайсан байх. Би чинь жижиг хүн шүү дээ” хэмээн ээжид сэтгэлийн дэм өгсөн захидал бичсэн байдаг. Тухайн үеийн амьдралыг тод томруун харуулахыг хичээсэн. Түүнчлэн бичиг баримтыг нь үзэхэд бүх юмаа өөрийнхөө гараар бичдэг их хичээнгүй нямбай хүн байсан нь илт харагддаг.

-Та нар эхээсээ хэдүүлээ вэ. Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн харагдана?

-Зургуулаа. Хамгийн том нь Мааяа эгч, тэгээд Зориг ах, Энхтуяа эгч, Занабазар ах, Энхбазар ах, хамгийн бага нь би. Мааяа эгч хөгжмийн зохиолч, Зориг ахыг уулчин гэдгийг мэдэх байх. Энхтуяа эгч ээжийн мэргэжлийг өвлөсөн. Занабазар ах Кино үйлдвэрт баримтат киноны оператор хийж байгаад бас л залуудаа бурхан болсон. Энхбазар ах хөгжмийн зохиолч, одоо 25 дугаар суваг телевизид ажилладаг. Би ШУА-д насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Аавын мэргэжлийг спорт талаас нь гэж үзвэл Зориг ах, Мааяа эгч хоёр өвлөсөн. Би тэс ондоо мэргэжилтэй.

-Танайх удам угсаа сайтай, гавьяат олонтой айл юм билээ?

-Гавьяатай ч бай, гавьяагүй ч бай хүний аав ээж үр хүүх­дүүддээ сайхан л хүмүүс санагддаг байж. Миний аав гавьяат жүжигчин, ээж гавьяат эмч гэсэн сайхан нэр алдрыг бидэнд үлдээсэн. Миний ээж их буянтай буурал байсан. Манайхны босго хүргэн, бэр болж орж ирж байгаа хүмүүстээ ч их ээлтэй. Удам судар дотроо долоон гавьяаттай айл. Циркийн Раднаабазар, рашааны Дэнсмаа, уулын Зориг, балетын Туул /Энхбазар ахын гэргий/ чөлөөтийн Магсарынх /манай нөхөр, гавьяат дасгалжуулагч/, аж үйлдвэрийн Дамдиных /Энхтуяа эгчийн нөхөр/ 25-ын Алтайнх гэж ярьдаг.

-Ээжийг тань Раднаабазар гуайтай ханилахаасаа өмнө амьдрал зохиож байсан гэдэг. Энэ талаар нь та бүхэн мэддэг байх?

-Миний ээж түүхтэй. Мааяа эгч, Зориг ах хоёр биднээс өөр эцэгтэй юм. Манай ээж 16 настай байхдаа нэг охин төрүүлсэн. Тэр нь Мааяа эгч. Орос хүний хүүхэд гэж ярьдаг юм билээ. Ээж орос сургууль төгссөн, анхныхаа охиныг төрүүлсэн тэр үед эцэг Дугар нь Д.Сүхбаатарын бичиг цаас зөөдөг, Янжмаагийн галыг түлдэг ажилтай байсан юм гэнэ билээ. Тэгээд гамингуудад зодуулаад нас барсан. Түүний дараа Сүхбаатар, Янжмаа хоёр хүүхдүүдийг нь харж үзнэ гээд ээжийг КУТВ-ийн сургуульд 16 настай байхад нь явуулсан юм билээ. Тэгээд сургуулиа төгсч ирэхдээ зохиолч М.Ядамсүрэнтэй сууж ирсэн. Ирээд Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байгаад дараа нь 1931 онд Дотоод яаманд ажиллаж байхдаа Зориг ахыг төрүүлсэн гэдэг.

-Тэгээд ямар шалтгаанаар М.Ядамсүрэнгээс салсан юм бол?

-Орост сурч байхдаа захидлаар харилцаж байгаад ханилаад нутагтаа ирсэн. Гэтэл нутагтаа ирсэн хойноо амьдрал нь тохироогүй гэдэг. Манай ээж орос сургуультай буриад хүн. Ядамсүрэнгийнх манж ёс заншилтай ч гэх юм уу хамаатан садангаараа нийлээд бүтэн гудамж эзэлсэн хөрөнгөлөг айл байсан юм гэнэ билээ. Ядамсүрэн гуай ээжээс салаад Ичинхорлоо гуайтай суусан. Тэгэхдээ Зориг ахыг аваад явсан юм билээ. Ээж Мааяа эгч, өөрийнхөө өргөмөл дүүтэйгээ хамт гурвуулаа үлдсэн. Эхээсээ ганцаараа хүн байсан. Ээж “Би Ядамсүрэнгээс дутахгүй сайхан амьдарна” гэж хэлдэг байсан гэдэг. Тэгээд төр цэргийн зүтгэлтэн Г.Самбуу гуайтай ханилсан. Г.Самбуу ОХУ-ын Элчин сайдаар явахдаа ээжийг Мааяа эгч, дүүтэй нь хамт аваад явсан. Мааяа эгч эцэг гэж ямар мэдэх биш. Самбуу гуайг “ааваа” гэдэг байсан. Тэр хүн ч Мааяа эгчид төрсөн үр шигээ ханддаг байсан юм билээ. Тэгээд Самбуугийн Мааяа гэж овоглодог байлаа. Оросоос ирээд нутагтаа өнгөрүүлсэн гурван жилийн хугацаа ээжийн хувьд хамгийн жаргалтай үе нь гэдэг. Удалгүй 1935 онд Самбуу гуай, Ядамсүрэн гуай хоёрыг хэлмэгдүүлж, буудаж хороогоод нэг газар хамт шороонд булсан гэдэг юм билээ.

-Түүний уршгаар ээж тань эсэргүүний эхнэр гэж шоронд суусан гэсэн?

-Ээж ааваас дөрвөн насаар эгч, аавын хажууд амьдрал үзсэн хүн шүү дээ. 1938 онд эсэргүүний эхнэр гээд шоронд есөн сар суулгасан. Шоронгоос гарч ирээд аавтай танилцаж суусан.Тухайн үед аавыг хөгшин хүнтэй суусан гэж элдвээр ярьдаг байсан гэдэг. Юу нь хөгшин байх вэ дөрвөн насаар л эгч. Шилжилтийн үеийн улс төр гэдэг хурдан эргэдэг, амархан хөрвөдөг байж. Дөрвөн жилийн илүү амьдрал 40 жилийн дайтай юм шиг их ялгаатай байсан. Манай аавын гэнэн хонгор сэтгэл нь ээжийн зүрх сэтгэлд мөнх үлдсэн тухай дурсдаг байлаа.

-Аав нь буудуулж, ээж нь шоронд байх үед Зориг ах, Мааяа эгч хоёр тань хаана байсан бол?

-Зориг ах, Мааяа эгч хоёр эсэргүүний хүүхэд гээд сургуулиас хөөгдөж байсан юм гэдэг. Ээжийн дүүгийнд толгой хоргоддог байснаа ярьдаг. Ядамсүрэн гуайг нас барсны дараа Ичинхорлоо гуай Зориг ахыг төрүүлсэн ээжид нь өгөх хэрэгтэй гээд найман настай байхад нь авчирч өгсөн юм билээ. Ядамсүрэн гуай ардын жүжигчин Ичинхорлоотой суугаад гурван жил болоод хэлмэгдсэн. Тэдний дундаас үр хүүхэд гараагүй. Зориг ах ээжийг хоригдож байх хугацаандаа их эвдэрсэн. Одоогоор бол траншейны л хүүхэд шиг гадуур тэнэдэг байсан гэнэ. Тэгээд ээж суллагдаад хоёр хүүхдээ өөрөө авч, манай аавтай суусан. Аав Зориг ахыг Офицерийн сургуулийн Үлээвэр хөгжмийн ангид оруулж, Мааяа эгчийг Циркийн сургуульд оруулсан. Анхны төгсөгч нь шүү дээ. Аав Орост сургууль төгсч ирэхдээ Неле, Чарик гэдэг хоёр нохой авчирчээ. Түүнийг нь Мааяа эгч сургаад, сандал дээр тэнцвэр хийдэг байсан. Бүжиг хийдэг байсан юм. Аав хошин шог их бичдэг байсан. Түүнийг нь дуурайгаад хошин дууны хөгжим бичиж, хөгжмийн зохиолч болсон хүн шүү дээ, эгч минь.

-Олон хүүхэд төрүүлсэн үү?

-Хүүхэд гаргаад циркийг орхисон. Дөрвөн хүүхэд төрүүлснээс хоёр нь өөд болсон. Нөхөр нь Шарав гэж Элчин сайд хүн байсан юм.

-Раднаабазар агсныг ямар зан чанартай хүн байсан талаар ээж тань ярьдаг байв уу?

-Цагаан цайлган сэтгэлтэй хүн байсан гэж ээж ярьдаг. Монгол Улсын ес дэх гавьяат цолтон. Аав “Гавьяат гэж өөрийгөө бодоогүй. Гавьяат жүжигчин гэж ямар хүнийг хэлдэг юм бэ” гэх учрыг нь ойлгохгүй мэдэхгүй явсаар нас барсан гэдэг. Тухайн үед хүмүүс ажилдаа мориор ирдэг байж. Улсаас аавд мөнгөн хазаар, эмээлтэй морь өгөхөд хэд хоног унаж байгаад нутгийнхаа нэг хүнд унуулаад явуулчихжээ. Ээж гайхаад “Яав, морио яачихаад явган ирдэг билээ” гэж асуухад “Нутгийн хүндээ өгөөд явуулчихлаа удахгүй буцаана байх” гэсэн. Тэгээд морь ч үгүй болсон. Их цагаахан ядарсан хүнд тусархуу, дарга цэрэг гэж ялгахгүй адилхан найзалдаг, олонтой хүн байсан гэж ээж ярьдаг байлаа. Гавьяат гэсэн тэр сайхан түүхийг үлдээсэн. Хийсэн бүтээсэн нь нүдэнд ил сайхан байна даа. Би хэдий мэдэхгүй ч сэтгэлдээ аавынхаа дүрийг бүтээж явдаг шүү.

-Таны ээж амьд сэрүүндээ үр хүүхдүүдээ юу гэж захидаг байв?

-Манай ээж олон юм ярьдаггүй хүн байсан. “Та нарт аав чинь сайхан нэр үлдээсэн шүү. Би ааваас чинь дутахгүй сайхан нэр үлдээнэ. Та нар л хүн шиг хүн байгаарай” гэж захидаг байлаа. Хүн хэрхэн алдарт хүрдгийг үлгэрлэн үзүүлсэн хүн бол миний ээж. Охиндоо сургууль соёлын мөр хөөлгөхийг чухалчилдаг. “Би Раднаатай сайхан амьдарч байтал нас барчихна гэж хэн мэдэх вэ. Олон хүүхэдтэй ажил ч үгүй алба ч үгүй үлдсэн”. Тиймээс охидоо нөхрөөсөө царай алдахааргүй амьдрах ухаантай болгохыг хичээсэн. Бидэнд “Муу амлаж байгаа юм биш нэг л өдөр нөхөр чинь нас барвал хэнээс ч дутахааргүй амьдрах ухаан та нарт байх ёстой. Эрчүүд юу ч хийгээд амьдарна, юу ч хийж мөнгөө олж чадна” гэж захидаг байсан.

-Аавынхаа гарал угсааг хэр мэдэх вэ?

-Булган аймгийн Халиун сумынх. Дээрээ Гүрбазар, Ширбазар, Дарьбазар гэж ах нартай. Зарим нь лам хувраг хүмүүс байсан. Бүгд залуудаа нас барсан гэдэг юм билээ. Цэрэндулам, Цэрэнханд гээд хоёр эгчтэй, Жадамбаа гээд нэг өргөмөл дүүтэй байсан гэдэг. Удмаараа залуудаа хорвоогийн мөнх бусыг үзсэн хүмүүс байсан юм шиг ээ.Одоо бол удам угсаа гэх юм бараг үлдээгүй.

-Аавыг тань циркийг үүсгэн байгуулагч биш, үндэслэгчдийн нэг гэх яриа ч байдаг. Үүнийг судалж үзсэн байх, аль нь зөв юм бэ?

-Циркийг үндэслэгчдийн нэг гээд л бичээд байдаг юм билээ. Тэгэхээр нөгөө үндэслэгч нь хэн бэ гэдгийг судлахад Болоош, Нацагдорж, Гомбо гээд хүмүүсийн нэр байдаг. Үнэн хэрэгтээ бол үндэслэгчдийн нэг биш ээ, үүсгэн байгуулагч нэг хүн л бий.Тэр нь миний аав. Нацагдорж гэхэд 11 настай хүүхэд 1945 онд уран гимнастикийн сургууль байгуулахад манай аав дээр ирсэн байдаг юм билээ. 14 настай хүүхэд үндэслэн байгуулагч гэж юу байх вэ дээ. Суурийг нь тавиад бүх юмыг нь хөөцөлдөөд явсан нь миний аав.

-Аав нь циркийн ямар үзүүлбэрийг анхлан сурч, хийдэг байсан юм бол?

-Аав урт төмөр духан дээрээ тогтоогоод түүн дээр нь уран нугараач нугардаг үзүүлбэр хийдэг байсан юм билээ. Тэр төмрөө амандаа ч зууна. Энэ үзүүлбэр нь циркийн сонгодог номер байсан. Манай ааваас хойш тоглосон хүн байхгүй. Үүнийгээ 1938 онд Зөвлөлтийн циркт тоглож байсан гэдэг. Мөн илбийн номер үзүүлдэг. Баавгай сургаж тоглуулдаг, хошин зураг зурж хажуугаар нь яриад шоглодог. Ер нь бол жонглер хийж, уран нугараагүй бусдыг нь бүгдийг хийж чаддаг хүн байсан. Цирк гэдэг зүгээр тоглочихдоггүй. Илбийн үзүүлбэр гэхэд бичгээр нэг бүрчлэн бичиж бэлтгэдэг. Хошин шогийн зохиолоо бичээд улс төрийн үзэл суртлын хурлаар оруулж тоглуулах үгүйгээ шийддэг байж. Ажлын хажуугаар бичиг цаасны их ажил хийж байсан. Толгой холбосон цагаан шүлэг бичих авьяастай. Мөн “Сүхбаатар” киноны зохиолыг бичсэн хүн шүү дээ. Даанч оросуудын нэр дээр шилжихсэн юм гэнэ билээ.

О.САЙХАНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж