
-“Үүл бид хоёр” ном худалдаанд гарлаа. Хүмүүс их сонирхож байна. Дөнгөж гарангуутаа л номын дэлгүүрүүдийн бестселлерийн жагсаалтад орчихож. Энэ их ажлын дараа таны сэтгэгдэл ямар байна?
-Том ажлын дараа хийснээ эргээд харахад дэндүү сайхан байдаг шүү дээ. Яг л нэг тийм сайхан байна.
-Олон хүмүүс таны номын тухайд коммент хэлж байгаа байх?
-Юуны өмнө урам хайрлаж, баяр хүргэсэн их олон хүмүүст баярлаж байна. Нэн ялангуяа намынхан маань,журмын нөхөд минь их дэмжиж, баяр хүргэсэн. Аргагүй шүү дээ, тэднийхээ тухай нэр заагаад л бичсэн болохоор…
-Монголд бараг анх удаа улс төрч, төрийн түшээ хүний эхнэрийн бичсэн ном нь таных болж байгаа байх?
-Үгүй дээ. П.Очирбат гуайн гэргий Цэвэлмаа эгч их сайхан ном гаргасан. Харин бидний үеийнхнээс гэвэл би анхных нь байхаа.
-Танд хэзээ анх “Үүл бид хоёр”номыг бичих санаа төрсөн бэ?
-2000 онд анх ном бичье гэж бодож эхэлсэн. Тэр жил Үүлийг хэлмэгдүүлж, “Ганц худаг”-т хийж байсан шүү дээ. Янз бүрийн гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байсан болохоор үнэн мөнийг олон түмэнд ойлгуулах юмсан гэж дотроо бачуурч, хашгирмаар үе олонтаа тохиож байсан. Яг тэр цагт сэтгэлд минь энэ санаа хатуу суусан.
-Номын нэр энгийн хэрнээ их анхаарал татам санагдаад байгаа. Нэрний тухайд. Таны сонголт уу, эсвэл хэн нэгэнтэй, магадгүй ханьтайгаа зөвлөлдсөн үү?
-Нэрний хувьд нэг их сонголт хийгээгүй. Би ханийгаа Үүлээ гэж дууддаг. Найз нөхөд, ах дүү нар маань ч ялгаагүй. Бид хоёрын амьдрал энэ номонд тэр чигтээ шингэсэн болохоор нэр нь аяндаа л сэтгэлд ургаад ороод ирсэн.
-Ном бичнэ гэдэг нөр их ажил. Тэр тусмаа хөгжмийн талын хүмүүс үгээр илэрхийлэхдээ тааруу байдаг ч гэлцдэг юм билээ. Харин та энэ номоороо өөрийгөө гарамгай сайн бичигч болохоо харуулсан байв.
-Ном бичих мэдээж маш хүнд ажил байдаг юм байна гэдгийг би ойлгосон. Энэ ажлынхаа ард гарчихсаныхаа дараа хүн ардынхаа гэгээрэлд оюуны хөрөнгө оруулж байгаа бүх зохиолч, сэтгүүлч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө миний номны ерөнхий редактороор ажилласан Ж.Нэргүйдээ, редакторлаж хянасан Д.Дамдиндорж багшдаа, ээжийнхээ ажилд байнга туслаж байсан охин Хуландаа баярлаж байна. Хэрэв ном минь сайн болж гэсэн үнэлгээ авч байгаа бол тэдний минь л гавьяа юм шүү. Харин хөгжмийн талын хүмүүсийн тухайд гэвэл манай хөгжмийнхөн болоод урлагийнхан чинь онгод нь ороод хөглөгдөх юм бол харин ч сайхан бичдэг шүү дээ.
-Та ном их уншдаг уу. Угаас ном уншдаг хүн сайн бичиж чаддаг гэдэг. Та хамгийн хайртай номнуудаа нэрлэвэл?
-Дандаа ном уншаад байдаггүй л дээ. Зав гарвал уншихыг хичээдэг. Мэдээж ханийнхаа нийтлэлүүдийг унших дуртай. Хадам аавынхаа бол улаан фен нь гэсэн үг. Аавынхаа “Амьдралын тойрог” номонд маш их хайртай. Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” гээд л унших дуртай ном гэвэл олон доо.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Швейцарьт шашны дээд сургуульд суралцаж байгаа хүү Мөнхжингийн маань багш Гонса Ренбүчигийн дурсгасан “Дээдийн номын их гуу сан” номыг монгол хэл дээрээ уншлаа. Маш сайхан ном байна.
-Хийсвэр зүйл зохиож, ном бичнэ гэдэг нэг өөр. Харин дурсамж, бодит амьдралаа бичих огт өөр хэрэг. Тэр ч бүү хэл, та Монголын ардчиллын түүхээс бичилцлээ шүү дээ.
-Редактор Ж.Нэргүй болон Даамий багш хоёр маань энэ ном яах аргагүй Монголын ардчиллын түүх шингэсэн сайхан ном болох нь гэж их олзуурхаж байсан. Ханийн минь амьдралыг улс төргүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч болохоор Үүл, бид хоёрын амьдрал, дурсамж маань Монголын ардчиллын түүхийг эрхгүй өгүүлж байгаа л даа.
-Эмэгтэй хүн эр зоригтойгоор хувийн амьдралаа бусдад дэлгэн бичих нь тийм ч амар ажил биш. Том эр зориг гэж бодогдож байна л даа. Номоо бичиж байх явцад танд үнэнээ бичихээс эргэлзэх ч юм уу, тээнэгэлзэх үе гарч байсан уу?
-Мэдээж, хүний хувийн амьдралд олон нарийн, нандин асуудал байдаг шүү дээ.Тээнэгэлзэх энүүхэнд. Бүр шантраад хаячихсан үе ч бий. Эмэгтэй хүн, эхнэр хүний хувьд хүмүүсийн янз бүрийн үнэлэмжээс эмээлгүй л яахав. Үнэхээр өөрийгөө ялж, бага зэрэг золиос, зориг гаргаж бичсэн. Энүүхэндээ хэлэхэд, номын маань улс төртэй холбоотой хэсгийг бичих хамгийн хүнд байсан. Би өөрөө улс төрөөс хол явахыг хичээдэг.
Гэхдээ би яаж ч байсан номондоо аль болох амьдралынхаа үнэ цэнэтэй үе, алдаж, онож явсан мөчүүдээ оруулахыг хичээсэн. Би номоо яах аргагүй залуучууддаа хандаж, тэдэнд л зориулж бичсэн. Адал явдлаар дүүрэн амьдралаа зөвхөн өөрсдөө ухаараад, өөрсдийнхөө л үр хүүхдэд хэлээд, дурсаад өнгөрье гэж бодсонгүй. Нэг нийгэм нөгөөгөөр солигдох тэр хүнд он жилүүдэд бид хоёр шиг ийм замыг туулж, бие биеэ түшин босч ирсэн олон мянган сайхан гэр бүлүүд бий.
-Үнэхээр бидний үеийн залуучууд “Үүл, бид хоёр”-ыг уншихад маш гоё үлгэр дууриал, амьдралын сургамж олж авахаар санагдсан. Амьдралд юу ч тохиолдож болдог, хамгийн гол нь нэгэн сэтгэлээр амьдралынхаа төлөө эцэж цуцахгүй, ухарч няцахгүйгээр хамтдаа явах ёстой гэдгийг би ч бас таны номын хуудас бүрийг эргүүлэн уншихдаа мэдэрч байна?
-Тиймээ, хүний амьдралд гэр бүл шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй гэдгийг л хэлмээр байна. Тэгээд хадам аав С.Эрдэнэ минь үр хүүхэд бидэндээ “Амьдрал бол амар хялбар зүйл бишээ. Шуургатай далайд, хөвөгч онгоцны залуурын ард зогсож байна гэж бод. Тэгээд зоригтой, зорилготой, ухаалаг жолоодож байж онгоц чинь далайд намуухнаар хөвж чаддаг юм шүү” гэж сургадаг байсан.
-Амьдралынхаа улирч одсон бүхий л дурсамжийг эргэн бичнэ гэдэг яах аргагүй бас сайн ой тогтоолттой холбоотой байх. Таны номыг би уншаад гайхалтай сайн ой тогтоолттой хүн юм гэж бодсон шүү?
-Одоо байгаагаас арай хожуу бичсэн бол харин мартагдах байсан болов уу. Одоо бол үйл явдал залуугаараа байна шүү дээ. Редактор Ж.Нэргүй маань анх миний архивыг хараад чи энэ материалуудыг номын сангаас аваад ирэв үү гэж их гайхаж инээлдэж байсан шүү. Мэдээж ганц өөрт байгаа зүйл дээрээ түшиглэж биш, журмын нөхөдтэйгөө уулзаж, архив, дурсамж, тэмдэглэлүүдээс ашигласан.
-Та номон дээрээ “Өнөөдрийг хүртэл би урлагаараа л хоолоо олж байна” гэж бичсэн байсан. Одоо та “Сонор рекордс” студиэ авч явахаас гадна өөр ямар ажил хийж байна вэ?
-Сая ном бичих хугацаандаа “Сонор”-ынхоо ажлыг нэг хэсэг хаясан. “Сонор” маань дуу бичлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа түр завсарлаад өөр чиглэлд ажиллаж байгаа. Одоо охин, хүү хоёртоо л сайн тусалж, зөвлөж байна даа.
-Та номынхоо арын хавтсан дээр Э.Бат-Үүл гуайтай авахуулсан зургаа тавьсан байсан. Тэр зураг дээр та залуухан охин шиг л харагдаж байна лээ. Олон хүн таныг тэр зурган дээр Э.Бат-Үүл гишүүний охин нь юм шиг л харагдаж байна гэцгээж байсан?
-Баярлалаа. Ингэж хэлүүлж байгаадаа би их баяртай байна.
-Та ийм залуу, сайхан харагдаж байгаагийнхаа зарим нууцуудаас хуваалцаач?
-Биеийн тамираар байнга хичээллэдэг, мөн сүүлийн үеийн дуу хөгжмийг хүүхдүүдтэйгээ нийлж сонсох дуртай л даа.Хөгжим бол хүнд үргэлж эрч хүч, энерги өгч байдаг гэж би боддог.
-Одоо та ямар нэгэн бүжгийн клуб эсвэл фитнесст хичээллэж байна уу?
-Би мэргэжлийн өндөр чадвартай н.Өнөрхүү багшийн фитнессийн хичээлд олон жил тасралтгүй явж байгаа. Хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Хичээлдээ явахгүй бол бие өвдөх гээд байдаг болсон шүү.
-Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх дуртай вэ?
-Гэр бүлийнхэнтэйгээ, тэр тусмаа, ач зээ нарынхаа тоглож марзагнахыг харж суух л хамгийн жаргалтай даа.
-Найз нөхдийн талаархи таны бодол. Та нэлээд найзархаг хүн шиг санагдсан?
-Тийм шүү. Найзуудтайгаа байж хөгжилдөх дуртай. Их сайхан байдаг. Бид бие, биенийхээ төлөө үргэлж санаа тавьж, зовлон жаргалаа хуваалцаж өсцгөөсөн.
-Та хамгийн сүүлд хаана, ямар үзвэр, тоглолт үзэв?
-Ханьтайгаа хамт кино их үздэг. Хамгийн сүүлд “Өргөө” кино театрт “Аватар” киног үзсэн.
-Улс орныхоо түүхийг бичилцсэн танд талархаж байна. Цаашдын амьдралд тань аз жаргал хүсье.
Ж.НАНДИА