Ш.Гунгаадорж: У.Хүрэлсүх эргэж ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Ш.Гунгаадорж: У.Хүрэлсүх эргэж ирнэ

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржийг энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочиноор урилаа. Түүнтэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, шинэ Засгийн газрын бодлого, МАН-ын алдаа, оноо гэх мэт олон асуудлын талаар ярилцав.

-Та орон нутгийн сон­гуульд саналаа өгөв үү?

-Тэглээ. Өнөө өглөө /өчиг­дөр өглөө/ 11.00 цагт очиж саналаа өглөө.

-Ер нь энэ удаагийн сон­гууль ямархуу болж байна гэж та бодож байна вэ?

-Би өглөөнөөс хойш телевиз харлаа. Ер нь энэ удаагийн орон нутгийн сон­гуу­лийн товлосон хугацаа нь тийм ч тохиромжтой биш юм шиг санагдаж байна. Сонгуулийн ирц бүрдэхгүй байх вий гэж харагдаад байна. Арваннэгдүгээр сард хөдөө орон нутагт цаг агаар маш эвгүй болдог. Тийм учраас ирцэд нөлөөлөх нь мэдээжийн асуудал. Өнөөдөр /өчигдөр/ 12.00 цагийн байдлаар ирц 17 хувьтай байна гэдэг маш бага тоо шүү дээ. Гэхдээ монголчууд улс төрийн идэвх сайтай хүмүүс. Тийм учраас энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирц нь хангалттай бүрдэнэ гэж найдаж байна.

Ядаж 50 хувьдаа шүргэх байлгүй дээ. Ер нь орон нутгийн сонгуульд гэдэг УИХ-ын сонгуулиас ч илүү чухал, хариуцлагатай.

-Энэ удаагийн сонгуулиар аль нам нь ялна гэж та таамаглаж байсан бэ. Ер нь МАН-д боломж байгаа гэж бодож байсан уу?

-Би ямар мэргэлдэг хүн биш, тэрийг яаж мэдэх вэ. Гэхдээ ер нь ажиглаад байхад нам бүхэн л өөрсдийгөө ялах боломжтой гэж тодорхойлж байсан. АН “Бид бүр олуулаа болоод нэгмөсөн сайн ажиллая” гэж байлаа. МАН-ынхан “Төрийг тэнцвэржүүлье” гэцгээж байв. Өмнө нь 1996 онд бас яг л өнөөдрийнх шиг ийм сонгууль болж байсан. Тухайн үед УИХ-д Ардчилсан хүчний эвсэл, орон нутгийн сонгуульд МАН ялж байлаа. Өнөөдөр түүнээс болж хохирсон юм алга байна.

-Гэхдээ тухайн үед дээрээс гаргасан шийдвэрийг дунд, доод шатнынхан биелүүлэхгүй байсаар байгаад хамаг юмыг сүйтгэсэн гэж ярьц­гаадаг шүү дээ?

-Яах вэ. Тиймэрхүү байдлаар янз бүрээр ярьдаг. Харин би үүнийг улстөржсөн тайлбар гэж бодож байна. Уг нь бол шударгаар сайхан ажиллаж байгаа бол нэг талд эрх мэдэл төвлөрөхөд болохгүй зүйл байхгүй. Одоогийн байдлаар АН засгийн эрхийг авснаас хойш хэдэн сар өнгөрчихөөд байна. Энэ хугацаанд их зүйлийг санаачилж, зарим ажлаа ч амжилттай эхэлсэн. Гэхдээ маш их хүч түрэмгийлж, хуулиа эс тоож, таалагдахгүй бол хүчингүй болгон өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн хуулийн заалт гаргах зэргээр ард түмний нүдэн дээр илэрхий бярдаж, эр бяр үзүүлэх хандлага байгаа нь мэдрэгдээд байна. Тиймээс орон нутгийн сонгуульд бас ялчихвал хэнийг ч сонсохоо больж, “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэх вий гэж болгоомжилж байлаа. Хэрэв өнгөрсөн хэдэн сарын хугацаанд аливаа асуудалд шударгаар хандаж байгаа нь харагдаж байсансан бол өөр хэрэг. Ард түмэн ч түүнийг нь үнэлэхээр байсан. Гэтэл АН-ынхан УИХ-ын чуулган дээр ч хэтэрхий хүч түрэмгийлдэг болж. Би МАН-ын гишүүн болохоороо ингэж хэлж байгаа юм биш. Энэ бол хүн бүрийн л толгойд эргэлдэж байгаа зүйл. Ард түмэн энэ бүхнийг мэдэж байгаа болохоор орон нутгийн сонгуулийн үр дүн аль нэг тал руу хэт хэвийж гарахгүй байх гэж таамаглаж байлаа. МАН-ын хувьд үл ялиг, хэдхэн хувиар илүүрхэж магадгүй гэж бодож байв.

-Ардчилсан холбоо эвсэл 1996 онд засгийн эрхийг авсны дараа өмч хувьчлалаас эхлээд олон шинэ ажил хийсэн. Тэр үед олон ч банк дам­пуурсан. Түүнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд ард­чиллынхан өөрчлөгдөж чадсан болов уу?

-Тэр өөрсдөө “Бид өөрчлөгдсөн. Маш их юм сурсан” гэж ярьцгааж байгаа. Үнэхээр 20 гаруй жил гэдэг бол тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болох хугацаа. Тиймээс АН-ынхны ярьж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн эрхийг авсны дараа ажиллаж байгаа арга барилыг нь харахад нэг л бүрэн дүүрэн итгэл төрөхгүй байна. Юм эхлэлээсээ л сайн харагддаг. Яах вэ, сайхан том, том бодлого ярьцгааж байгаа. Гэтэл тухайлбал, 2013 оны төсвийг батлахдаа маш ерөнхий зүйл ярьж байсан. Хэлбэр хөөсөн ч гэж хэлж болно. Уг нь төсөвт нарийн ширийнийг нэг бүрчлэн тооцдог. Тийм байтал энд тэнд нь юунд зориулах нь тодорхойгүй уут гаргаж, задаргааг нь ч танилцуулахгүй юм. Таван тэрбум ам.долларын бонд бол түүхэнд байгаагүй их мөнгө. Дөрвөн жилийн дараа гэхэд л энэ мөнгө ард түмний нуруун дээр дааж давшгүй өр болж хоцорно. Энэ мэтчилэн бодоод үзэхээр АН-ынхан 1996 оныхоосоо 100 хувь өөрчлөгдсөн гэхэд дэндүү өрөөсгөл болно. Гэхдээ яах вэ, тэр үеийг бодоход гишүүд нь нас намбатай, томоотой болцгоосон. 1996 онд бол хамаг юм будилуулчихаад дараа нь өөрсдөө Америк руу явцгаачихдаг хүмүүс байлаа. Түүнтэй харьцуулахад тэд өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж цэгнэж чаддаг болсон.

-Гэтэл ард түмэн саяын УИХ-ын сонгуулиар АН-д илүү санал өгчихлөө. МАН-ын хувьд ялагдсан шалтгаан нь юу байв. Та энэ намын алдаа, оноог хэрхэн дүгнэх вэ?

-МАН УИХ-ын сонгуульд ялагдсан нь нэгэнт өнгөрсөн асуудал. Гэхдээ үүнийг тэгээд орхиж болохгүй. МАН-ын хувьд ялагдал хүлээхэд нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Зарим хүн үүнийг намын нэрийг сольсонтой холбоотой гэдэг. Би бол үүнийг гол шалтгаан гэж бодохгүй байна. Намын нэрийг өөрчилсөн ч гэсэн УИХ-д 35, 36 орчим суудал авах боломж байсан. Гэтэл намын удирдлага буруу менежменттэй ажилласнаас болж энэ боломжоо алдсан. АН аливаа зүйлийг хэтэрхий бярдаж шийдэж байгаатай адил үйл явц МАН-д ч гэсэн байсан. Нэрээ сольсны дараа удирдлагууд нь бусдыг сонсохгүй, тэрүүхэн тэндээ шийдвэр гаргаж байв. Иймэрхүү байдлаар хамт олонтойгоо нягт ажиллаж чадаагүй. Мөн зайлшгүй ялалт байгуулах боломжтой хүмүүсээ сонгож нэр дэвшүүлээгүй. Намын нэр сольсон нь тодорхой хэмжээнд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй. Сонгуулийн өмнөхөн нэрээ өөрчилсөн нь цагаа олоогүй шийдвэр байсан. Түүнээс биш уг нь “Хувьсгалт” гэдэг үг арай болохгүй байна гэдгийг Н.Энхбаярын үед ч ярьдаг байлаа.

-МАН-ын улстөрчид дунд нэлээд сонирхолтой хүмүүс орж ирж байна. Бас гарч ч байх шиг. Тухайлбал, У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзсан. Хэдийгээр ар гэрийн шалтгаанаар гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь цаанаа “хэлсэн үгэндээ эзэн болж” байгаагаа харуулж буй хэрэг санагдах юм. Та юу гэж бодож байна вэ?

-Би ч бас тэгж бодож байна. У.Хүрэлсүхийн эхнэрийн бие таа­руухан байгаа нь үнэн юм билээ. Мэдээж хүн албан тушаалаас илүү ханиа нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг. Харин мань хүн үүнийг гол шалтгаан гэж тайлбарласан. Хэрэв би У.Хүрэлсүхийн оронд байсан бол бас өдийд ингэх л байсан. УИХ-ын сонгуулийн өмнө “Нам ялагдвал би хариуцлага хүлээнэ” гээд хатуу хэлчихсэн учраас түүндээ хүрэхийг хүссэн байж болно. Ер нь хэлсэндээ хүрдэг залуу. Манай намд хэрэгтэй, хүчтэй улстөрч. 1996 онд ялагдал хүлээсний дараа маш хүнд байдалтай байх үед У.Хүрэлсүх тэргүүтэй залуус намаа өөд нь татаж, 2000 оны сонгуульд ялахад томоохон нөлөө үзүүлж байв. Тийм ч учраас У.Хүрэлсүх намд хэрэгтэй зоримог хүн. Тэр эрчиндээ л УИХ-ын сонгуулийн өмнө тийм мэдэгдэл хийчихсэн байх. Тиймээс сонгуулийн дараа өөрөөс нь ам асуух хүн олон байсан нь У.Хүрэлсүхэд хүндхэн байсан биз. Ирэх дөрвөн жилд дотроо гунигтай, гаднаасаа дарамттай байж тэсээгүй юм байлгүй. Ер нь Г.Баярсайханыг барьж авч заамдсаныг эс тооцвол урьдын сайхан цовоо сэргэлэн У.Хүрэлсүх байхаа больчихсон шүү дээ. Ингэж өөрийгөө хиймлээр барих нь түүнд зохихгүй. Тийм болохоор дотор нь шатаж байсан гэж боддог. Тэгээд л УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нэг шалтгаан нь энэ болжээ гэж бодож байна. Гэхдээ түүний хувьд ингээд бүх юм дуусч байгаа биш. Залуу хүн учраас түүнд эргэж эрч хүчтэйгээр гарч ирэх боломж бий. Тэр эргээд ирнэ.

-Ө.Энхтүвшин МАН-ын дарга болсон нь таны санаанд хэр нийцдэг вэ. Олон нийт түүнийг хэтэрхий аядуу зөөлөн зантай учраас хүчтэй удирдагч байж чадахгүй гэцгээдэг?

-Хатуу байсан ч, аядуу зөөлөн байсан ч олон нийт байнга шүүм­жилж л байдаг. Ер нь “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг үг байдаг. Тиймээс би МАН-ын одоогийн удирдлагыг үнэлдэг. Ө.Энхтүвшин бол туршлагатай улстөрч. Аль 1996 оноос “Гурван Э” гэж гарч ирсний нэг Ө.Энхтүвшин байж, намынхаа нарийн бичгийн дарга болж байсан. Ер нь намынхаа ялалт, ялагдал бүхэнд нь цуг байсаар ирсэн хүн. Тиймээс би түүнийг тэгж их зөөлөн байна гэж бодохгүй байна. Тэгээд ч хүний унаган характер нь тийм байхад яаж өөрчлөх вэ дээ. Харин ажлаа сайн няхуур хийх нь чухал. Өнөөдөр УИХ-д хамгийн олон суудал авснаараа түрүү барьсан АН-ынхан МАН-д бүлэг байгуулах боломж өгөхгүйгээр хуулиа, төсвөө баталчихлаа. Ийм үед сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд ажиллах хэцүү шүү дээ. Үүнийг би засаг барьж байгаа хүчний алдаа гэж боддог. Ер нь хаа, хаанаа л алдаа, оноогоо цэгнэж явахад хэрэгтэй байгаа юм.

-МАН, МАХН гэж хуваагд­санаас хойш олон хүн МАХН руу явлаа. Цаашид нь хашир туршлагатай гэгддэг цөөнгүй улстөрч МАХН-д орох сураг дуулдаад байна. Та тэднийг хувьдаа юу гэж дүгнэж байна вэ. Та МАХН-д оръё гэж бодож байсан уу?

-Би МАХН-д элсье гэж огт бодоогүй. Би өөрийнхөө үндсэн намдаа л байгаа хүн. Яахав, хүмүүс тийшээ явж байгаа нь тэдний сонголтын асуудал л даа. Тэгээд хэдэн зуугаараа МАХН-д эслээ гэж ярьцгааж байна. Н.Энхбаярыг дагасан хүмүүс дундаас, тухайлбал, Н.Удвал л гэхэд анхнаасаа энэ сонголтыг хийсэн хүн. Аль 26 дугаар хурал дээр үгээ хэлж, эсэргүүцэж байсан. Тиймээс хэдийгээр алдаж онож байгаа юм бий ч түүнийг “Үерхэлдээ үнэнч яваа” гэж боддог. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бол сонгуульд нэг л явцгүй болохоор нь тийшээ явчихав уу, ямар ч гэсэн бас л МАХН-д элссэн. Гэхдээ энэ бол УИХ-ын сонгууль болохоос өмнөх үйл явц. МАН-ын удирдлагууд ч бас тэдэнтэй сайн ажиллаж чадаагүйгээрээ алдаа хийсэн. Юу, юуны туханд хүрэлгүй хариуцлага тооцож, хатуугаар ярихын өмнө аядуу зөөлнөөр зөвлөлдөх ёстой байсан юм. Харин УИХ-ын сонгуулийн дараа МАХН руу явж байгаа хүмүүсийг бол би “Зүсээ хувиргасан этгээдүүд” гэж нэрлэмээр байна. “Орон нутгийн сонгууль болох гэж байгаа учраас МАХН-д элсэж ороод тэндээс юм зууж авна” гэж горьдсон хүмүүс шүү дээ, тэд.

-Тэд ингэж МАХН-д элсэцгээж байгаа шалтгаан нь Н.Энхбаяр даргатай холбоотой байх. Түүнийг өнөөдөр ингэж хоригдож байгааг та юу гэж харж байна вэ. Түүнд дургүй хүмүүс тийм олон байгаа юм уу. Аль эсвэл тийм их ял гэм хийчихсэн хүн үү?

-Ял авахаар гэм хийсэн болоод л шүүхээс тийм шийдвэр гаргасан байлгүй дээ. Хууль, шүүхийн бай­гууллагын ажлыг би хөндлөнгөөс дүгнэж чадахгүй. Ер нь “Овоо бос­гоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэж нэг үг бий. Н.Энхбаяр анхандаа АТГ-т очиж мэдүүлэг өгөөгүй нь түүний гол буруу гэж би боддог. Мэдээж хэрэг, ял зэм байгаа болохоор л шүүх тийм шийдвэр гаргаа байлгүй. Би түүнийг уучлах талаас нь яримааргүй байна. Би ер нь Н.Энхбаярыг зохих хэмжээнд мэд­нэ. Намайг 2000-2004 онд УИХ-д байнгын хороо даргалж байх үед тэрбээр Ерөнхий сайд байсан. Тиймээс уулзаж, ярьж хөөрж явдаг л байлаа. Би түүнээс ямар нэгэн албан тушаал аваагүй. Тэр хүнд олон сайн тал бий. Намаа хүнд хэцүү байх үед шинэчилж, намдаа ялалт авчирж байсан хүн. Гэхдээ хүнийг хийсэн гэмийг байгуулсан гавьяагаар нь цагаатгаж болдоггүй. Энэ хоёрыг нь дэнсэлж байгаад аль нь илүү жин дарж байна вэ гэдгийг нь шүүх тогтоодог байлгүй. Ямар ч гэсэн “Ийм гавьяа хийсэн” гээд ялаас нь хөнгөлдөггүй. Энэ талаар ард түмэн янз бүрээр л ярьж байна. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн хаана, юу хийж явсан бэ гэдгийг тэр бүр нарийн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нь бас асуудал байсан болохоор л ингэсэн байлгүй. Тэгээгүй бол юу гэж хүнийг улайм цайм гүтгэх вэ. Би хувьдаа ингэж бодож байна. Түүнээс биш “Н.Энхбаярыг яллачихаасай” гэж бодоод байгаа юм алга.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж