БНСУ-ын Төмөр замын удирдах газраас өнгөрсөн мягмар гариг буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Хойд Солонгос руу явах 5,6 км замыг ашиглалтад оруулах болсноо зарлалаа. Солонгос улс хоёр хуваагдаагүй байхад буюу 1914 онд уг замаар иргэдэд үйлчилж байсан галт тэргийг 1950 онд хааснаас хойш ийнхүү 62 жилийн дараа дахин сэргээлээ. Хэдийгээр галт тэрэг хоёр жижиг хотын хооронд 5,6 км яваад л зогсч байгаа хэдий ч өөр галт тэрэгнээс дамжин уг галт тэрэгний хамгийн сүүлийн буудал дээр бууж, Умардын газар нутгийг дурандан харах боломжтой болох юм байна. Хойд Солонгост төрж өссөн ах, дүү төрөл төрөгсөд нь одоо ч тэндээ амьдарч байгаа өмнөдийн иргэд уг газарт ирж Умардын талыг алсаас ч болов харахыг хүсдэг. Эцсийн буудлын хажууд хоёр Солонгосын хуурай газраар хиллэдэг хилийн зурвас, цэргийн ангиуд байрладаг ба жирийн иргэд орохыг хориглосон бүсүүд байдаг байна. Ийнхүү 62 жилийн өмнө хаагдсан галт тэрэгний буудлыг нээснээр өмнөдийнхөн Хойд Солонгосыг илүү ойроос харах боломжтой болох юм.
Эх сурвалж: http://cwinews.co.kr
Ч.БОЛОР