ЗАМ БҮХНЭЭС ИЛҮҮ
Ирэх онд нийслэл 93 тэрбумаар замаа засна. Энэ жил бид ерөнхийдөө 114 тэрбумаар замаа зассан бол ирэх жил зам засварын хөрөнгийг тодорхой хэмжээгээр бууруулахаар болжээ. “Бид энэ жил томоохон хөрөнгө оруулалтаар бодлогын хэмжээний ажлыг эхлүүлэх болно. Мөн Улаанбаатар хотод давхар замын сүлжээг бий болгох талаар томоохон бодлого батлагдсан байгаа учраас ирэх жилүүдэд энэ талаар ажиллана” гэж Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа ярьсан юм. Улаанбаатар хотод авто замын сүлжээний асуудал чухал. Түгжрэлийг сааруулах зорилгоор хоёр ч ажил эхлүүлсэн. Гэхдээ зөвхөн давхар замын сүлжээнд л анхаарал хандуулан зам засварын зардлаа танасан ньт хэр зөв бол?
БАГА МӨНГӨТЭЙ "ЭРҮҮЛ МЭНД"
Улаанбаатар хотод гурван төрөх эмнэлэг бий. Үүнээс хоёр төрөхийн газар асуудалтай байгаа. Төрөх эмнэлгийн хүрэлцээ тун тааруу хотуудын тоонд ордог. Гэтэл ирэх онд ч төрөх эмнэлгийн байдал сайжрахгүй нь. Учир юу гэвэл ирэх оны төсөвт энэ талаар тусгаагүй аж. Гэсэн атлаа арав гаруй ортой бичил эмнэлгүүдийг олон тоогоор барих юм байх. Зарцуулах мөнгө нь ч бага. Ирэх онд нийтдээ 9,5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна.
Гадны жишгийг харвал арай өөр дүр зураг ажиглагдана. Сая гаруй хүнтэй метрополис хот гэж цээжээ дэлддэг нийслэл хот ердөө л 9,5 тэрбум төгрөгөөр эрүүл мэнддээ анхаарч байна. Зүй нь бол үүнээс хэд дахин их хөрөнгө, мөнгө зарцуулах учиртай баймаар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улаанбаатар хотод эмнэлгийн тэр дундаа төрөх эмнэлгийн хүрэлцээ тун тааруу гэж дүгнэсэн. Тийм ч учраас эрсдэлтэй бүс нутаг хэмээн тодотгож байгаа юм.
30 ТЭРБУМЫГ БОЛОВСРОЛД
Ирэх онд боловсролын салбарт нийслэл хотоос ийм хэмжээний хөрөнгийг зарцуулахаар болжээ. Гэхдээ томоохон сургууль барих асуудал огт багтсангүй. Харин төвийн хэдэн дүүрэгт 10 гаруй цэцэрлэг шинээр барих аж. Мөн спорт цогцолбор барих аж. “Ирэх онуудад бодлогын ажил хэрэг биеллээ олно. Тиймээс шат дараалсан ажлыг хэрэгжүүлж байгаа нь энэ” гэж Н.Батаа ярьсан юм.
ТӨСӨВ ЗАРЦУУЛАХ ЭРХ
Энэ жилээс эхлэн Улаанбаатар хот төсөв болоод эдийн засгаа өөрсдөө мэддэг болно. Тиймээс томоохон ажлууд биеллээ олох боломж нь нэмэгдэнэ гэж ойлгож болох талтай. Үүнээс гадна энэ жил хөрөнгө оруулалт болоод орлого нэмэгдсэн гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. “Ер нь сүүлийн гурван жилийн статистик судалгааг харвал жил ирэх бүр нийслэлийн орлого нэмэгдэж байгаа. Гэхдээ сүүлийн хоёр жилд орлого ихсэхийн хэрээр зарлага ч нэмэгдсэн. Энэ жилээс бид зарлагаа багасгах талаар ажиллаж байна. Ирэх оны төсөвт зардлыг энэ жилийн төсвөөс 20 гаруй хувиар танасан байгаа. Энэ жилээс бид төсвөө өөрсдөө захиран зарцуулдаг болно. Мөн төсвийг иргэдэд нээлттэй хэлэлцүүлдэг жишиг тогтооно” гэж Н.Батаа ярьсан юм.
Ирэх төсвийг батлагдахаас нь өмнө харвал ийм байна. Гэхдээ зарим нэгэн асуудлыг дахин анхаарахгүй бол хэтэрхий нэг талыг барьсан төсөв болж байгааг нуух юун.