Европын холбооны Элчин сайд нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Европын холбооны Элчин сайд нартай уулзав

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын ээлжит дөрөвдүгээр уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд М.Эдерер тэргүүтэй Европын Холбоо болон түүний 19 гишүүн орны төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд уулзалтыг нээж хэлэхдээ энэ жил болсон УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн шинэ Засгийн газар нь өөрийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилтуудын талаар товч мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлого залгамж чанараа хадгалахаа нотлов.

Энэхүү уулзалт нь Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсонтой давхцаж байгааг Гадаад харилцааны сайд цохон тэмдэглээд, Монгол Улсыг тус байгууллагын гишүүн болоход Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд, тухайлбал ЕАБХАБ-ын хүрээнд илүү нягт хамтран ажиллахаа нотолж, ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох АОХН-ийн Сайд нарын бага хуралд өөрсдийн Гадаад хэргийн сайд нарыг оролцуулахаа мэдэгдэв.
 
Айлчлалын хүрээнд Европын Холбооны Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар тус тус бараалхаж, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзалт хийнэ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж