Хамгийн олон хүн амтайд тооцогддог Хөвсгөл аймагт энэ удаад 80695 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 16.00 цагийн байдлаар 38.18 хувь нь саналаа өгөөд байв. Харин тус аймгийн төвөөс ирүүлсэн иргэний мэдээллээр Мөрөн суманд сонгогчдын ирц тааруу байгаа юм. Сонгууль зохион байгуулахад оролцож байгаа албан хаагчдын зүгээс санал хураалтад оролцсон сонгогчийн ирцийг 50 хувьд хүргэхийн төлөө чармайж эхэлжээ. Гэхдээ энэнд орон нутгийн удирдлагуудын санал санаачлага бас дутаж буйг шүүмжилж байна. Бид тус аймгийн Сонгуулийн тойргийн хорооны даргатай утсаар холбогдож санал хураалтын үйл явцыг тодруулахад “Яг одоо сумдаас мэдээлэл авч байна, бүрэн гараагүй байгаа тул нэг цагийн дараа тодорхой мэдээлэл гарна” гэлээ.
Мөн аймгийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орсноос Цагаан-Үүр, Чандмань, Эрдэнэбулган сумдад автомашинтай явж саналаа өгөхөөс аргагүй байгаа аж. Сонгуулийн ерөнхий хорооноос тус аймагт болзошгүй ажлын зардалд зориулж 15 сая төгрөг олгосон. Түүнийгээ 128 хэсгийн хороодод хуваарилсан. Ингэхдээ нэг хэсгийн хороонд 100-200 мянган төгрөг олгосон юм байна.
Г.ДАРЬ