Далай багш Монголчуудад зориулан ном айлтгав

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Далай багш Монголчуудад зориулан ном айлтгав

Энэтхэг улсын Дарамсала хотод Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголын ард түмэнд зориулан хоёр өдрийн турш ном айлдлаа. Энэхүү хурлыг Монголоос Ламын гэгээний гаргасан хүсэлтээр Энэтхэгт анх удаа монголчууд зохион байгуулжээ. Энэ үйл явдалд зориулан энэ сарын 18-нд МИАТ компани Улаанбаатар-Армистар руу шууд нислэг хийсэн юм.

Уг хуралд оролцохоор Дарамсала хотод байрлах Далай ламын хийдэд 1000 орчим монголчууд хүрэлцэн очсоны  дотор Монголын бурхан шашинтнытөвийн  тэргүүн Д.Чойжамц, Монгол нутгаас тодорсон есөн хутагтын хойд дүр, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, ЭБЭХ-ний дэд сайд асан Ц.Гарамжав, Ардын жүжигчин Ц.Чимэдцэеэ, сансрын нисгэгч хошууч генерал Ж.Гүррагчаа нарын олны танил хүмүүс байгаа аж.

Өчигдөр эхэлсэн хурлаар XIY Далай ламтан Монголын ард түмэнд зориулан “Очирваанийн ван”, “Бодь мөрийн зэрэг”-ийн “Тунгаамал алт” зэрэг номыг айлтгажээ. III Далай ламын бүтээл болох “Бодь мөрийн зэрэг” нь 108 ботиос бүтэх ба түүнийг тайлбарласан 200 гаруй боть бүхий энэтхэг тайлбар байдаг аж. Түүний хамгийн гол хэсэг болох “Тунгаамал алт”-ыг Далай багш энэ удаад Монголын сүсэгтнүүдэд сонгон сонсгожээ. Түүхээс үзвэл III Далай ламд “Далай лам” хэмээх алдрыг монголчууд хайрлаж байсан тул ийнхүү III Далай ламын бүтээлийг гол болгосон байна. Далай багшийн айлдсан номыг монгол, англи, хятад, орос хэлээр дамжуулжээ.

Далай багшийн сургааль хоёр үргэлжлээд одоо өндөрлөж байна.  Өнөө орой Далай багш Дарамсала хотноо цугларсан монголчуудыг хүлээн авч, хурлын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм байна. Мөн өнөөдөр Дарамсала хотод цугларсан шашны зүтгэлтнүүд, сүсэгтнүүд Очирваань бурхныг тахижээ. Түүнээс гадна www.Dalailama.mn гэсэн сайтыг монгол хэл дээр нээгээд байна. Тэндээс монголчууд Далай багшийн үйл ажиллагаа, айлдвар, ном, сургаальтай танилцаж болох юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж