-Сонгуулийн ерөнхий хороонд орон нутгаас хууль зөрчсөн гомдол санал ирж байна уу, Өчигдөр зөөврийн хайрцгаар зарим иргэдийн саналыг авсан, гэхдээ саналаа өгч чадаагүй иргэд байна. Ямар шалтгаанаар саналаа өгч чадаагүй юм бол?
-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын ирц 93.96 хувьд хүрсэн нь их өндөр үзүүлэлт. Хуульд зааснаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нэгдүгээрт хэвтрийн хүнд өвчтэй хүмүүсийн саналыг авна. Хоёрдугаарт ял эдэлж байгаа, баривчлагдсан саатуулагдсан хүмүүсийн саналыг авсан. Эдгээр дотор саналаа өгөхгүй байх магадлал бий. Яагаад гэвэл хүнд өвчтэй хүмүүсийн судалгааг санал авах өдрөөс хэд хоногийн өмнө гаргаж байгаа учраас 100 хувь бүрэн өгөх магадлал байхгүй. Гомдлын тухайд бид дөнгөж сая Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчдийг хассан тухай мэдээллийг утсаар аваад байна. Сэлэнгэ аймгийн сонгуулийн хорооны даргатай ярилаа, “Энэ талаар сумаас мэдээлэл аваагүй” гэлээ. Мандал суманд нэр дэвшигчийг хассан талаарх мэдээллийг санал хураах байранд ажиглагч хийж байсан намын ажиглагч бидэнд утсаар мэдээлсэн. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд энэ асуудлыг тодруулаад хариу өг гэдэг чиглэлийг сая өгчихсөн. Дараагийн мэдээлэл дээр энэ тухай тодорхой болно.
-Дорнод аймагт ИЗНН-аас нэр дэвшигчийг саналын хуудсанд хэвлүүлээгүй зөрчил гараад байна. Үүнийг яах вэ?
-Өмнө нь би энэ талаар их олон удаа ярьсан. Аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэх, нэр дэвшигчийн жагсаалтыг гаргах, саналын хуудсыг бичихдээ маш их алдаа гаргаж байна гэж мэдэгдэж байсан. Үүний л нэг жишээ явж байна. Өнгөрсөн шөнө ИЗНН-аас “Манай нэр дэвшигчийг Дорнод аймгийн сонгуулийн хороо орхигдуулчихсан байна аа” гэсэн. Хуулиараа тус аймгийн сонгуулийн хороо хуралдаад энэ асуудлаар хэлэлцээд шийдвэр гаргах ёстой. Энэ чиглэлээр аймгийн Сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж өгсөн.
-ИЗНН-ын зүгээс Дорнод аймагт болж байгаа орон нутгийн сонгууль хүчингүй, яагаад гэвэл нэр дэвшигчийг орхигдуулсан учраас сонгуулийг дахин зохион байгуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байна?
-Тухайн нам нь гомдол гаргах эрхтэй, гомдлыг хаана гаргах вэ гэхээр Дорнод аймгийн Сонгуулийн хороонд гаргана. Дорнод аймгийн сонгуулийн хороо нь яагаад бүртгээгүй вэ гэдэг тайлбараа өгөх ёстой. Ингээд маргаан үүсэх байх, хэрвээ тэр маргаан үүсээд шүүхээр яваад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Алдаа гаргасан албан тушаалтанд ямар арга хэмжээ авах вэ?
-Хуулийн дагуу арга хэмжээ авахыг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөсөн. Хуульд нэгдүгээрт, торгуулийн арга хэмжээ авахаар заасан байдаг. Ингэхдээ төрийн албан хаагч хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Хоёр дахь нь төрийн албанаас нь чөлөөлөх хуулийн заалттай. Эргээд тухайн хүн төрийн албанд орохдоо төрийн албаны тухай хуулийн дагуу шалгалт өгнө. Гуравт, санаатайгаар ийм үйлдэл хийсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай.
-Цаг агаар хүндэрсэн аймгууд байна, тухайлбал, Өмнөговь аймаг. Сонгуулийн ерөнхий хорооноос ямар зөвлөмж өгөөд байна вэ?
-Цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй холбогдуулаад болзошгүй ажлын зардлыг аймаг, сумдад хуваарилсан байгаа. Өмнөговь аймагт зардал очсон байгаа, аймгийн Сонгуулийн хорооноос судалгаа гаргаад хааш нь ямар техник явуулах вэ гэдгээ шийдээд түрүүчээсээ арга хэмжээ авсан. Зам даваа хаагдсан газрыг нээж сонгогчдыг сонгуулиа өгөх бололцоогоор хангасан гэдэг мэдээллийг бид авсан.