Малгүй болсон өрхүүдэд мөнгөн тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Малгүй болсон өрхүүдэд мөнгөн тусламж олгоно

Засгийн гарын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Одоогийн байгаа байдлаар  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, Баян-Өлгий аймгийн баяр наадмыг  2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрчээ. Энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймагт Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хэнтий аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учир Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлтээ орон нутгийн удирдлагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүсэн байна.

МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИН ӨРХ БҮРТ 300 МЯНГАН ТӨГРӨГ  ОЛГОНО

Азийн хөгжлийн банкнаас үзүүлж байгаа 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөнөөс зудын гамшигт нэрвэгдсэн аймгийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж автомашин, тоног төхөөрөмж олгох болон малгүй болсон малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор өрх бүрт 300 000 төгрөг хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод зөвшөөрөв.
Азийн хөгжлийн банктай тохиролцсоны дагуу 2.572.800.000,0 /хоёр тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс,  Ховд, Хөвсгөл аймгийн 8576 өрхөд олгоно.  
Үүнээс гадна малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 366 сая төгрөгийн 20 ширхэг УАЗ-31512 маркийн автомашин, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст туулах чадвар сайтай, шуурхай үйлчилгээний 10 ширхэг фургон автомашиныг 185 сая төгрөгөөр,  гамшгийн голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, удирдлагар хангах, гамшгийн тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай эрт зарлан мэдээлэх, гамшгийн голомтоос удирдлага болон бие бүрэлдэхүүнийг холбоо мэдээллээр тасралтгүй шуурхай хангахад зориулж холбооны тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авч дээрх 10 автомашиныг тоноглон /96,2 сая төгрөг/ аймгуудад өгөхөөр болжээ.       
Хүн, малын өвчин дэгдэхээс сэргийлэх, малын сэг, зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, цаашид химийн хорт бодис болон малын гоц халдварт өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг байнга үзүүлэх зорилгоор 240 сая төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг ариутгалын автомашиныг гамшгийн эрсдэл бүхий аймагт хуваарилан олгохоор тогтов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж