Шведэд Монголчуудын цугларалт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Шведэд Монголчуудын цугларалт болно

Монгол омогшил мэдрэгдсэн олон уран бүтээлчдийн нэг бол “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн. Түүнийг хүмүүс хурц зантай хэмээн муулах нэгэн байхад зарим нь өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай уран бүтээлч гэж хүндэтгэдэг. Энэ хоёр бодлыг тээж яваа уншигч танд болон хэн гэдгийг нь мэдэж амжаагүй хэнбугайд зориулж дараах ярилцлагыг хүргэе. Тэрбээр Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Швед улсад ажиллаж, амьдарч байгаа элэн нэгт түмэндээ зориулж “Ам нэг амь нэг” нэртэй тоглолтоо өргөн барих гэж буй юм билээ. Тоглолтын талаар болон сэтгэлд нь хоногшсон цагаан, саарал амьдралынх нь тухай ярилцсанаа хүргэе. Утсаар ярьж ярилцлага хийх хүсэлтээ хэлэхэд “Энхтайвны гүүрний хажуухан талд байрладаг биллъярдны газар байна. Энэ хүрээд ир” гэсэн юм.

-Биллъярд тоглох таны бас нэг хобби юу?

-Тийм. Багаасаа энэ спортыг сонирхдог болсон. Биллъярд тоглодог хүн нямбай, цэгцтэй болдог. Мөн эрүүл мэндэд ч тустай. Цаг тоглоход гурван километр явсантай тэнцдэг гэдэг шүү дээ. Энэ бүхнийг бодоод тоглодог юм. Ихэвчлэн снукербиллъярд тоглодог л доо.

-Та тун удахгүй Швейдэд тоглох гэж байгаа. Тоглолтын бэлтгэл хангагдсан уу?

-Хангагдсан. Өдрөө хүлээгээд л сууж байна. Эх орон, амраг садан, аав, ээжээсээ хол ажиллаж, сурч амьдарч байгаа Монголчууддаа зориулж тоглох бүртээ уран бүтээлч бид үргэлж баяртай байдаг. Учир нь уран бүтээлээрээ тэднийг хөглөдөгтөө тэр юм. Түүнчлэн бид ч өөрсдийнхөө хэв маягаа өөрчлөх ололтыг олж авдаг. Шведэд суугаа Монголчууд маань намайг урьсан юм. Энэ олон дуучнаас намайг сонгосонд нь маш их баяртай байгаа. Би тэр улсад таван жилийн өмнө тоглосон. Хоёр дахь удаагаа тоглох гэж байгаадаа таатай байна. Анхны тоглолтынхоо үеэр онгоцны буудал дээр үзэгчидтэйгээ зураг авахуулж байгаад онгоцноосоо хоцорч билээ. Тоглолтоо 20:00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн байсан тул дараагийн онгоцоор ч болтугай очих хэрэгтэй. Ингээд 23:00 цагт буухад миний дууг сонсох гэсэн үзэгчид намайг гурван цаг хүлээгээд л зогсч байсан. Тэр итгэлд нь би маш их баярласан. Энэ тоглолтоороо би жинхэнэ “бут авна аа”.  

-Энэ удаагийнх таны хувьд хилийн чанадад хийх гэж буй хэд дэх тоглолт болох гэж байна вэ?

-Олон явсан. Хамтлагаараа дэлхийг тойрсон. Ганцаарчилж ч нэг удаа тойрсон.

-Тоглолтоо хэсэгт хувааж байгаа юу?

-Хувааж байгаа. Эхнийхийг нь этник хэсэгтэй болгоно. Үүнд Монгол хөгжмийн хэмнэлийг эстрадын хөгжимтэй хослуулсан бүтээл дуулагдана. Дараагийнх нь романтик хэсэг байх болно. Хайрын тухай дуунуудаа дуулна гэсэн үг. Сүүлчийнх нь диско. Тэнд Монголчуудын цугларалт болно. Үзэгчид сайхан ууж, идэж хүссэнээрээ цэнгэнэ.

-Гэнэтийн бэлгээ задлавал…?

-Гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран дуулсан “Уулзах л юмсан даа чамтайгаа” дуугаа тэнд цугласан бүсгүйчүүдээс гурвыг нь сонгож тайзан дээр хамт дуулна. Олон бүсгүй энэ дууг мэддэг болохоор тэднийг чадахгүй байх вий гэж огтхон ч эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь сайн бэлдээрэй. Тэр гурвын аль сайн дуулсанд нь эх нутгаасаа авч очсон гарын бэлгээ гардуулна.

-Тоглолтын нэр өвөрмөц санагдлаа. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

-“Тэнгэрийн бүсгүй”, “Чамайгаа үнсье” зэрэг хит болсон дуугаараа нэрлэж болох байлаа. Учир нь улс тунхагласны баяр тохиож байгаа болохоор манай Монголчууд амласан шиг ээ үнэнч, амь шиг ээ бүхэл байхыг бэлгэдэж энэ нэрийг өгсөн. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн бид амь нэг, ам нэг байх ёстой.

-Тантай ингээд яриад суухад таны яриа тоглолтын менежмент хувийн PR болоод байх шиг санагддаг. Та ярилцлага өгөхөөсөө өмнө яриагаа бэлддэг үү. Энэ миний төлөвлөсөн асуулт биш л дээ. Гэнэт тэгж санагдлаа?

-Үгүй дээ. Миний энэ яриа төрмөл юм. Огтхон ч бэлтгэсэн үг байхгүй. Би хэн нэгний амьдралыг харж дуулдаггүй. Харин өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээ бусдад танилцуулах гэж дуулдаг. Бидний амьдарч байгаа нийгэмд юу дутагдаж, илүүдэж, юугаа мартсан байгааг нь хүмүүст сануулах гэж дуулдаг.

-Тань шиг ийм төрмөл бодолтой хүн манай улсын урлагийнханд хэр их байгаа бол?

-Олон бий. Тодруулбал “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, яруу найрагч Р.Чойном агсан, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав мөн би багтаж байгаа. Бид цаанаасаа л сонгогдсон. Тийм ч учраас бид өөр өөрсдийн гэсэн амьдралын гол дүртэй. Тэр дүрээрээ байхад хаана ч, хэзээ ч хүмүүсийн хүндлэлийг дааж байдаг. Өнөөдөр бид ардчилсан нийгмийг сонгосон. Энэ нийгэмд хариуцлагатай байх ёстой. Боловсролтой, бүтээлч, хөдөлмөрч хүн энэ нийгэмд амьдарна. Даргынхаа ойр зогсоод “Хуцаад байгаарай” гэж хэлдэг нийгэм биш. Боловсролгүй, мэргэжилгүй хүн хүссэн хүсээгүй гуйлгачин болно. Ийм нийгэмд бид маш өндөр хариуцлагатай байх ёстой. Тиймдээ ч хилийн цаана амьдарч байгаа иргэдээрээ бид бахархдаг. Тэд үзээгүй зүйлээ үзэж, мэдрээгүй амьдралаараа явж байгаа. Тэднийг олон зүйл сураад эх орондоо ирж үндэсний хөрөнгө оруулалтаа түгээнэ гэдэгт итгэдэг. Зарим нь түгээсээр ч байгаа. Гэхдээ аавын охиныг гомдоогоод алагхан үрийнхээ нүднээс нулимс унагаад өөр амьдрал сонгоод явсан залуугийн сонголтыг дэмждэггүй.

-Саяхан танай хамтлагийн 15 жилийн ойн тоглолт болсон. Тоглолтоос хойш манай уншигчидтай уулзаагүй болохоор сэтгэгдлээ хуваалцаач…?

-Тоглолтод ирсэн хүмүүсийн сэтгэлийн таашаалыг хангасан. Манай хамтлаг 15 жилийнхээ тоглолтыг хийнэ гэдэг бол Монгол улсад эстрад урлаг үүссэний 40 жилтэй харьцуулахад өнөөдөр өөрийн гэсэн орон зайг эзэлсэн. Тэр тоглолтоороо бид дөрөв хамтдаа байхдаа ямар их хүчтэй вэ гэдгээ сонсогчдодоо харуулсан. Мөн урлагт үнэнч байх, урлагийн тогоонд “лаг” байх учир утгыг урлагт хөл тавьж байгаа дүү нартаа таниулсан. Түүнчлэн өнөөдөр монголын boyband хамтлаг ямар байх ёстойг тунхагласан. Бидний дуу олон мянган залуугийн ажил, амьдралтай салшгүй холбоотой. Манай хамтлагийн гайхалтай хайрын дууг сонсч олон хос төрсөн байх. Хайрын бэлгэдэл болсон үрс нь ч мэндэлсэн биз.

-Юмыг урьдчилан мэдэх боломжгүй. Ялангуяа танай хамтлаг шиг 15 дахь жилтэйгээ золгож байгаа цаг хугацааг. Та нар анх хамтлагаа байгуулчихаад юунаас эрч хүч авдаг байсан бэ. Менежментээ яаж гаргадаг байсан юм бэ?

-Би яг үнэндээ үүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байна. 15 жил дуулсан ч би дуучин болоогүй. Одоо л болох гэж байна. Жинхэнэ дуучинг рок попуудаасаа нэрлэвэл гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа дуучин С.Наран “Харанга”-ийн Х.Лхагвасүрэн. Тэдний дуулсан зам олон жилийн түүхтэй. Би араас нь хөөж байна. Тэгж хөөхдөө алдсан болгоноос нь зөрж, ашигтай гэснийг нь өөртөө нааж явна. Гэхдээ миний толгойд нэг бодол байгаа.

ДӨРВӨН ХӨӨРХӨН БАРБИГ УРАН БҮТЭЭЛЧ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙГАА

-Ямар?

-Аливаа зүйлийг төлөвлөж хийх хэрэгтэй. Үүнийг менежмент гэж хэлж байгаа юм. Үүнийг бид биш мэргэжлийн менежерүүд хийх ёстой. Гэхдээ бид өөрсдөө үүнийг хийж ирсэн. Тэр үйлдлээрээ дараагийн уран бүтээлч болох гэж байгаа дүү нартаа туслах ёстой.

-Та тэгээд хэзээнээс тэдгээр дүү нартаа туслах юм бэ?

-Эхэлсэн байгаа.

-Тийм үү. Шинэ уран бүтээлч төрүүлэх гэж байгаа хэрэг үү?

-Тийм. Дөрвөн хөөрхөн барби байгаа. Тэднийг би хол явах байх гэж найдаж байна. Тун удахгүй уншигч та бүхэнтэйгээ уулзуулна аа.

-Мэргэжлийн дуучид уу?

-Тийм. Гэхдээ мэргэжлийн дуучин байхаас илүү хөдөлмөрлөдөг чанар чухал. Мэргэжлийн гэсэн нэр зүүсэн дуучид тавилттай хоолойтой ч байна шүү дээ. Төрмөл хоолойтой дуучин гэвэл хөдөлмөрийн баатар Г.Хайдав, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс нар. Тэд мэргэжлийн ч хоолойтой.

-Дээрх дөрвөн барбигаа сонсогчидтойгоо хэзээ танилцуулах вэ?

-Удахгүй. Би хамт дуулж гарч ирнэ. Тэдэнд авьяас байна билээ. 21-23 насны бүсгүйчүүд бий.

-Эмэгтэй уран бүтээлчдийг продюсерлоход хэр хүндрэлтэй байна вэ. Цаг барихаас эхлээд асуудал тулгарч байна уу?

-Одоо л үзье. Эртнээс бид эмэгтэй хүнийг дээдэлдэг. Өэлүн эх байгаагүй бол бид яах юм. Ану хатан байгаагүй бол Галданбошигт яах юм. Ээжүүд минь байхгүй бол үрс нь яах юм, эхнэр минь байхгүй бол би яах юм. Эмэгтэй хүнийг буруутгах шаардлагагүй. Тэр дөрвийн мэдрэмж өөр. Ямар нэгэн зүйл рүү дэвшихээс илүү шинэчлэгдэж байх хэрэгтэй. Дэвшинэ гэдэг тэмүүлэл, шинэчлэгдэнэ гэдэг ялалт. Тэдэнтэй уран бүтээлд ажиллаж үзээгүй. Эхлээд сэтгэлийнх нь өнгө аясыг олж харсан. Ирээдүйн гал цоргилж байна билээ. Түүн дээр нь жаахан бензин асгаж улам дүрэлзүүлэх хэрэгтэй.

-“Камертон” хамтлаг “Камертон-2” шоу зохион байгуулж ирээдүйн “од” төрүүлэх гэж байгаа. Бидний ярилцлагыг уншсан хүмүүс танай хамтлагийг ч шавьтай болох нь гэж бодож байгаа байх даа?

-Үгүй дээ. “Камертон” хамтлаг гэсэн нэр байгаа л бол тэр хамтлаг байгаа. Харин “Камертон-2” гэсэн хамтлаг гараад ирвэл үндсэн “Камертон” хамтлаг байхгүй болсон гэсэн үг. Түүнтэй адил манай хамтлаг ч байсаар байх болно. Хошигноод хэлэхэд дүү нартаа зүгээр л туслана. Хэн нэгэн уран бүтээлчийг гаргаж ирэхийн тулд цаана нь баг ажиллах хэрэгтэй. Тийм бүрэлдэхүүн байхгүй бол тэд хэцүүднэ. Өнөөдөр “Universe best songs” наадмаас шалгарсан сайхан дуулдаг залуусын уран бүтээлийг үргэлжлүүлж зөвлөх хүн байхгүйн улмаас тэд алга болоод байгаа юм. Баг байсан бол тэд өдийд олонд танигдчихсан явж байх байсан. Наад зах нь урлагийн алтан тайзан дээр үзэгчдээ хүндэтгээд ямар хувцастай гарахаа мэддэг болсон байх байсан.   

-Танай гэр бүлд дуулдаг хүн байгаагүй юм билээ. Харин таныг уран бүтээлч болоход юу нөлөөлсөн бол?

-Бүх Монгол хүн дуулдаг. Харин алдартай хүн нь хэн бэ гэдэг нь нууцлаг байдаг. Дархан аварга Х.Баянмөнхийн аав, өвөө нь барилддаг байсан үгүйг би мэдэхгүй. Тэгсэн хэрнээ Х.Баянмөнх гуай ийм өндөрлөгт хүрсэн нь сонин. Түүн шиг миний өвөг дээдсүүд дуулдаг байсан уу үгүй юу гэдэг нь сонин биш.

-Гэхдээ ген гэж байгаа шүү дээ?

-Мэдээж. Өвөө маань найранд гурван дуутай, аав минь наадамд гурван даваатай.

-Дахиад асуухад тэгээд юу таныг урлаг руу хөтөлсөн юм бэ?

-Амьдрал. Надад тохиолдсон амьдрал цагаан байсан болохоор урлагийн гэгээн харгуйгаар явж байна.     

БИ ҮХЭЭД БОССОН ШҮҮ ДЭЭ

-Та уран бүтээлч болоогүй байсан бол бөх болох байсан уу?

-Магадгүй. Эсвэл сэтгүүлч. Сэтгүүлч болсон бол би урлагийн хүн шиг сэтгүүлч болох байсан. Би олон сэтгүүлчид ярилцлага өгсөн. Гэвч нэг нь ч надад таалагдаагүй. Тэдний үзэгний үзүүр мохсон байна билээ. Магадгүй тэд сонины нүүр бөглөхийг л бодож ажлаа хийдэг байх. Сэтгүүлч гэдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүн сэтгэлээ гаргаж ажлаа хийх ёстой. Сониноо уншуулж байгаа хүндээ хандаж ямар сайхан гэгээлэг мэдээллээр үйлчлэх вэ гэдгээ бодохгүй байна.  

-Тэгэхээр бидний ярилцлага танд ямар бодол үлдээх бол гэж надад бодогдож байна шүү?

-Зөв. Чи тэгж бодох ёстой. Уран бүтээлч бид шинэ дуу гаргаад хит болгодог шиг таны ярилцлагыг хүмүүс шимтэн уншиж байвал сая л сайхан ярилцлага болж гэж. Гэхдээ бид сайхан ярилцаж байна. Чи надад таалагдаж байна.  

-Та самбо, жүдогийн дэд мастер цолтой. Таны бага нас том цүнх үүрсэн махлаг банди спортын төв ордноор эргэлдсэн шиг өнгөрсөн болов уу?

-Нэг их амжилт үзүүлээгүй болохоор би энэ талаар ярих сонирхолгүй л дээ. Гэхдээ өөрийн тань ярьж байгаа үнэн. Зарим айлын хүүхэд гэр, хичээл хоёрын хооронд зөвхөн эрдэм номдоо шамдаад явж байхад би хичээлээ тараад спортын ордон руу бэлтгэлээ хийхээр том цүнх үүрээд явдаг байсан. Хөлс үнэртсэн бэлтгэлийн зааланд орох сайхан байлаа шүү. Мөн Хөвсгөл аймаг руу зун болгон явж хөгшин аавынхаа уясан хурдны морийг унадаг байсан.

-Тийм их хөдөлгөөнтэй хүүхэд урлагт хөл тавихад бас л их зориг байсан болов уу?

-Миний биеэр нэг онгод орсон болохоор би урлагтай холбогдсон.

-Тодруулбал?

-Хүүхэд байхдаа бөглөө маш сайн тоглодог байсан. Тэгсэн хэрнээ хогны машин хогоо асгахыг харахыг бөглөө тоглохоос илүүд үздэг байлаа. Нэг өдөр найзууд руугаа явж байтал хогны машин хогоо асгаж байна шүү. Би ойрхон очиж хармаар санагдаад ард нь очтол жолооч нь намайг харалгүй машинаа хашлага давуулж ухраагаад намайг дайрчихсан. Би үхээд боссон. Тэр үед миний биеэр онгод орж урлагийг сонгох болсон. Тийм том аваар гаргасан жолоочийг би гомдолгүй гээд үлдсэн түүхтэй.

-Хэчнээн ширхэг бөглөө шүүрдэг байв?

-Хэлж мэдэхгүй байна. Миний хүндэлдэг ах Б.Төгөлдөр агсан “Би хүүхнүүдийг тоолж биш таалж унтдаг” гэж хэлж байсан. Түүнтэй адил би кайф авах гэж бөглөө тоглодог байсан.   

-Улаанбаатар хотын хаана өссөн бэ?

-Би өөрийнхөө гал голомтыг бадраатлаа очоогүй газар, амьдраагүй байр бараг байхгүй.   

ХАЯНАА АНХ НАДАД САЙХАН САНАГДААГҮЙ

-Таныг “Номин талст” хамтлагт ороход А.Хаянхярваа нөлөөлсөн гэдэг юм билээ. Тэр үнэн үү?

-Үнэн. Долдугаар ангид байхад хаанаас ч юм бүү мэд А.Хаянхярваа гэдэг хүү манай ангид шилжиж ирж билээ. Нэг өглөө би хичээлдээ иртэл сургуулийн үүдэнд нэг гөлөг даарч байгаа бололтой гаслаад зогсч байна. Би өрөвдсөндөө энгэртээ хийгээд ангидаа ороод иртэл өнөөх чинь төд удалгүй чацга алдаад ангиар нэг өмхий үнэртэв. Халуун, хүйтэн харшсан биз. Багш ч бөөн уур “Ийм ажил Дэлгэрмөрөн л хийж байгаа. Наад гөлгөө ангиас хурдан гарга. Заваарсан юмаа ч цэвэрлэ” гэнэ. Хамраа даран барин нэг юм цэвэрлээд гөлгөө аваад гарч байтал хажуугаар нэг банди зөрж орж ирсэн. Тэр л одоо бидний найз болсон Хаянаа байв.

-Одоогийнх шигээ урт үстэй байсан уу?

-Санахгүй байна. Ямар ч байсан надад таатай харагдаагүй. Намхан туранхай л хүүхэд байсан санагдана. Ангид шинэ хүүхэд ирэхээр атманууд эвгүй хүлээж авдаг шүү дээ. Яг л тэрэн шиг би хүлээж авсан. Дунд сургуульд урлагийн үзлэг болдог шүү дээ. Би байрныхаа ах нарыг дуурайгаад гудамжны банзан гитар тоглодог байсан болохоор Хаянаа дуулдаг болоод би ард нь гитарддаг болов. Тэгсэн чинь над руу хуйлардаг охид Хаянаа руу гүйдэг байгаа. Нэг өдөр Хаянаа надад “Дээгий чи энэ дууг дуул би хоёрдугаар хоолой салгаад үзье” гээд “Камертон” хамтлагийн “18 нас” дууг дуулж билээ. Тэр дууг дуулснаар би урлагийн мэдрэмж авч эхэлсэн. Түүний зэрэгцээ эрос Т.Ариунаа Болгараас ирж “Number one” тоглолтоо хийхэд бид ард нь вокал хийсэн. Т.Ариунаа гэдэг дуучны халаалтад гарч байсан гэсэн үг шүү дээ. Тэр үеэр “Номин талст” гэдэг хамтлаг байгуулагдах болоход Д.Батсүх, Т.Хангэрэл нар намайг авалгүй Хаянааг сонгосон.  

-Яагаад таныг сонгоогүй юм бэ?

-Би таалагдаагүй юм байлгүй. Би буцаад байрандаа очсон. Тэр үед сонгууль болж дөнгөж байгуулагдаад байсан хамтлаг халтуур хийж хэдэн төгрөг олсныхоо дараа Хаянаагаа “мурьсан”.

-Юунаас болж…?

-Мөнгөнөөс болсон юм байлгүй. Төд удалгүй тэр хоёр Хаянаагаас уучлал гуйж буцах нэгдэхийг хүссэн. Тэр үед Хаянаа “Та нар намайг буцаж оруулах гэж байгаа бол би энэ хүүхэдтэй орно” гээд намайг дагуулж очсон. Тэр үед манай хамтлаг 11 гишүүнтэй байлаа.

-Бүжигчидтэйгээ юу?

-Тийм. Бид алдарт хүрэхийн тулд их шинэчлэлийг хийхийн төлөө зүтгэсэн. Түүнийхээ хүчинд өнөөдөр “Номин талст” хэмээх их айлын цамхгийг сүндэрлүүллээ.  

-Санал зөрөлддөг байсан биз?

-Зөрөлдөлгүй яах вэ. Хааяа ширүүхэн юм болно. Малаар ярих юм бол бид дөрвөн азарга гэсэн үг. Эцэг мал хэн гэдгээ харуулахын тулд яаж тэмцэлддэг билээ. Түүн шиг л болж байсан. Гэхдээ бидэнд дарга гэж хүн томилогдсон байсан болохоор дүрмэндээ баригддаг байсан. Тэр дүрмэндээ баригддаг байсан болохоор өнөөдөр энэ их жилийг хамтдаа туулж байна. Дүрмээ баримталдаггүй байсан бол өдийд бутарчихсан ч байх юм бил үү хэн мэдлээ.

-Таныг найзуудаасаа хожуу гэр бүл болсон гэдэг. Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв. Гадаадад сурч байгаад ирсэн соёлтой бүсгүйг өөрийн болгоход нэлээд хэдэн мэхээ хэрэглэсэн байх даа?

-Тэр үеийн залуусын дунд шинэлэг өнгө төрхтэй бүсгүй гарч ирсэн болохоор хүн бүрт сонирхолтой санагдаж байсан. Түүний сүрчигний үнэр, зүүсэн нүдний шил, шинэ мэдрэмж, өмссөн хувцас тэр бүхэн бидний харж байгаагүй ертөнц байлаа. Тийм болохоороо ч миний танилцах мэдрэмжийг өдөөсөн. Эхлээд түүнийг шохоорхсон. Дараа нь дурласан. Миний хүссэнээр гэр бүл болсон. Одоо хөөрхөн охинтой. Амьдрал сайхан байна аа.

ЭХНЭР МААНЬ НАДТАЙ ТАНИЛЦААГҮЙ БАЙХДАА МИНИЙ ДУУЛСАН ДУУГ СОНСДОГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

-Анх танилцаж байхдаа өөрөө дэндүү их дассаныхаа дараа алдах вий гэж бодохоос эмээж байв уу?

-Алдахыг хүсээгүй. Огт хүсээгүй. Анх танилцахдаа би “Сайн байна уу би “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн байна” гээд очсон. Өөрийгөө од болчихсон юм шиг санаж очиж байгаа хэрэг л дээ. Гэтэл эхнэр маань тоогоогүй. “Тийм нэртэй ямар хамтлаг байдаг юм бэ” гэдэг байгаа. Тэгсэн би шоконд орж байгаа юм чинь. Түүнээс хойш мэнд устай явсаар гурван сар өнгөрлөө. Эхнэр маань надад нэг өдөр чихэвчний хөгжим сонсгоод “Би энэ хамтлагийн дууг сонсох дуртай” гээд “Mr.Dogs” хамтлагийн “Дайралцаа” дууг сонсгодог байгаа. Би тэр хамтлагт яг тэр сонсох дуртай хэсгийг нь дуулдаг байсан шүү дээ. Намайг дуулдгийг мэдэхгүй хэлж байгаа нь тэр.

-Та өөрийгөө гэдгээ шууд хэлсэн үү?

-Тийм. “Энэ чинь би шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед надад “Нээрээ чи энэ дууг дуулдаг юм уу. Wow” гээд л… Түүнээс хойш миний эрэн үе эхэлж байгаа юм чинь.

-Та хайраа яаж илчилсэн бэ?

-Хүн хайраа илчилж чаддаггүй юм. Амьдарч байгаа хугацаандаа жаргал, зовлонгоо хамт хуваалцаж байвал тэр нь илчлэл.

-Та таалагдахын тулд гутлаа их арчдаг байсан гэсэн үү?

-Эрэгтэй хүний эрлэг мөн чанар бүс, гутал, биеэ авч яваа байдалд оршдог. Хайртай хүндээ таалагдах гэж гутлаа арчих биш, хамгийн гоё хувцсаараа суух гэж байгаа шатыг нь арчиж өгөх юм. Тэр бол таалагдах гэсэн заль. Эр хүн 13 мэхтэй гэдэг шүү дээ. Тэр мэхнийх нь нэг тэр.

-Та охиндоо Зөөлөнсий гэдэг өвөрмөц нэр өгсөн. Тайлбарыг нь ч уншигчид маань мэдэж байгаа байх. Харин яагаад энэ нэрийг сонгосныг нь асуумаар байна?

-Ээж маань дөрвөн хүү төрүүлсэн. Аавтай минь нийлээд таван эрэгтэй хүнтэй хорвоог туулах байсан. Даанч хоёр хүү нь бурханд илүү таалагдсан юм байлгүй эрт тэнгэрт хальчихсан. Ээж минь тэднийг байхад намайг багад “Энэ олон залуу миний зовлонг ойлгохгүй дээ. Охин хүүхэд байсан бол л ойлгоно” гэж чихэнд хоногштол хэлж байлаа. Харин охиноо төрөхөд би ээждээ охин төрүүлж өгсөн юм шиг баярласан. Би эхнэртэй болохоосоо өмнө “Охин хүүхэдтэй болбол Зөөлөнсий гэдэг нэр өгнө дөө” гэж бодож байсан. Тэр ёсоор надад охин минь заяасан.

-Таны дүү одоо ямар ажил эрхэлдэг вэ?

-Дүү маань “АПУ” ХХК-д ажилладаг. Ахаасаа 5000 төгрөг гуйдаггүй, жинхэнэ ажилчин хүн. Дүү маань ярьж чаддаггүй юм. Ихэр нь эндчихсэн болохоор хүйгээр холбоотой байдаг гэдэг болоод ч тэрүү бурхан болсных нь дараа ярьж чадахаа байсан. Дэлгэрмөнх гэдэг.

ЭРГЭЛТ ИРЛЭЭ ГЭХЭД ОВОГ НЭРЭЭ ДУУДУУЛААД ГАРАА ТОЛГОЙДОО
САЛААВЧЛААД ГАРАХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙСАН

-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Эвгүй зүйл асуух гэж байгаад уучлаарай. Таныг аавын хаалга татах болсны шалтгаан танхайн хэрэгтэй холбоотой. Би таныг архи уухаараа өөрийгөө хянаж чадахаа байчихдаг юм болов уу, тэгээд л хүнд гар хүрчихдэг байх гэж боддог юм?

-Тэр яах вэ дээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа гаргасан авир л даа. Шуудхан хэлэхэд би тэр амьдралыг үзсэнээрээ дахин төрсөн. Өндөр уулын орой дээр нарны илч яагаад түрүүлж тусдгийг олж мэдэрсэн. Түүнээс биш уусан, идсэндээ биш ээ. Тэнд байгаа орчноо сайхан болгох гэсэн тэмцэл л тийм байдалд хүргэж байгаа юм. Тулалдсан хоёрын аль хүчтэй нь хүчгүйгээ ялдаг хувь тавилан байдаг. Тэр бол ялалт. Ялсныхаа дараа ялалт байгуулсан нь хоригдоно л доо. Гэхдээ л миний хувьд тэр ялалт.    

-Та хэцүү нэртэд байхдаа тусгай өрөөнд байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тэр үнэн үү?

-Хэн нэгэн алдаа хийж буруугаа ухаарахаар хэцүү нэртийн хаалга татвал төрийн эрхмүүд, төмпөн шанага зөөдөг хүмүүс бүгд тэгш эрхтэй болдог. Тэнд хэн нэг нь онцгой эрхтэй байдаггүй. Хүн эрх чөлөөгөө алдахад ижий, ааваас өөр хэн ч шаналдаггүй. Харин алдаа хийсэн хүн нь бусдад буруу өгөхөөс урьтаж өөрийнхөө тэнэгийг л олж хардаг. Буруугаа давтаж болохгүйг яс махандаа ортол мэдэрдэг. Давтах юм бол тэнэгийн тэнэг болж байгаа нь тэр.

-Ухаарч байгаагийн шинж тэр байх даа?

-Ухаарал биш ээ. Ялалт байхгүй юу. Өөрийгөө ялсан тэмцэл тэр бодолд нь явагдаж байгаа юм.   

-Хамтлагийнхан тань эргэж очоогүйд таныг их гомддог байсан гэж сонссон…?

-Үгүй ээ, миний бүх найз ирж байсан. Гэхдээ намайг эргэх биш манай гэр бүлийнхэнд туслаж байсан бол би илүү баярлах байсан. Ээжийн минь нулимсыг арчиж, аавын минь сэтгэлийн дэвтээж, эхнэр хүүхдэд минь туслаж байсан бол надад илүү сайхан санагдах байсан.   

-Та эхнэртээ өдөр бүр захиа бичдэг байсан гэсэн. Тэр үнэн үү?

-Захиа бичихдээ гол нь биш эргэлт ирлээ гэхэд овог нэрээ дуудуулаад гараа толгойдоо салаавчлаад гарах үнэхээр хэцүү санагддаг байсан. Яриад байх сайхан юм биш.

-Гэхдээ та хүн алж, хулгай хийсэн биш дээ?

-Би энэ талаар одоо ярихыг хүсэхгүй байна. Хэн нэгэн яаж яваад орж, гарсан нь сонин биш. Хүн эрх чөлөөгөө алдана гэдэг л хамгийн их аймшигтай. Юм бүхэн ард хоцорсон. Би гишгэх гэж мөрөө судалдаг болохоос биш гишгэсэн мөрөө эргэж хардаггүй. Үүнийг яриад байвал бидний сайхан ярилцлага бараан сүүдэртэй болно. Ингээд дуусгая.

МАНАЙ ЭХНЭР ДОЛИР БОЛОХООРОО НҮДНИЙ ШИЛ БАЙНГА ЗҮҮДЭГ

-Уучлаарай. Х.Лхагвасүрэн, С.Амарсайхан та гурвын “Мөнх хөх тэнгэр” тоглолт юу болсон бэ. Нэг хэсэг бэлэн боллоо гээд шуугиад байсан…?

-Бидний цомог удахгүй сонсогчдын гар дээр хүрнэ. Өнгөрсөн хавар тоглох гэсэн боловч цаанаасаа л болоогүй.

-Таны хамгийн дотны хүмүүсийн нэг Х.Лхагвасүрэн, С.Амарсайхан хоёр мөн үү?

-Үгүй. Тэд урлагийн тогоонд буцалж байгаа хүмүүсээс сэтгэлийнхээ үнэнийг хэлж чаддаг ах нар. Тэднээс дотно найзууд надад олон бий. Лхагваа ахын цаанаа л нэг Индиан төрх гоё шүү. Түүнд дээл зохихгүй ээ. Урт хар савхи, азарганы дэл шиг урт хар үс, дугуй хар шил, хоолойны өнгө гээд тэс өөр ертөнцийг илтгэдэг. Харин Амараа ахын аагалж байгаа авир дэндүү сайхан. Өөрөө уг нь их жижиг биетэй шүү дээ. Тэгсэн хэрнээ биенээсээ том аархалтай. Тэр байдал нь надад таалагддаг.

-Энэ хоёр тийм байдаг юм байж. Харин таныг юу чимдэг вэ?

-Би өөрийгөө л чимдэг. Мөн халуун сэтгэл, хүнлэг чанар нэмэгдэнэ.

-Үсээ хэзээнээс ургуулж эхлэх вэ?

-Одоогоор зохиж байгаа нь энэ. Нэг удаа ургуулж тайзан дээр гарч ирэхэд хүмүүс дахиулаагүй. Харин маргааш нь хусуулчихаад гарч ирэхэд шуугилдаад л дахиулсан. Тэгэхээр аль нь илүү байгаа нь мэдрэгдэж байгаа биз дээ. Шивүүлсэн соёмбодоо л байгаа байх.    

-Шивээс хийлгээд хэдэн жил болж байгаа билээ?

-10 гаруй.

-Танай эхнэр байнга нүдний шил зүүдэг. Шилгүй байх үе цөөхөн биз?

-Долир болохоороо байнга зүүдэг юм.

-Тийм ч биш л дээ?

-(инээв). Хүний имиж гэж байдаг шүү дээ. Ердөө л тэр.  

-Рок попын дуучдыг амбиц их хөөдөг гэдэг юм билээ. Та дунд нь байгаа хүн сайн мэдэж байгаа биз дээ?

-Хэн нь ямар их амбицтай вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Камертон”, “Номин талст”-ууд хоёр хоёроороо яагаад хамтарч нэг дуу дуулж чаддаггүй юм. Дэндүү их гайхалтай уран бүтээлчид байж. Тэд сэтгэлгүйдээ л тэгж байгаа юм. Гэхдээ хүн чанарын сэтгэл яриагүй шүү. Сонсогч нарт гоё юм өгье гэсэн сэтгэлгүй болохоороо л хамтрахгүй байгаа юм.

-Хэн хэнийгээ гуйхгүй гэсэндээ хамтардаггүй юм болов уу?

-Дайнгүй газар тэд өрсөлдөөд яах юм. Харин ч азтай юм биш үү.

-Охиноо хэзээ дүүтэй болгох гэж байна вэ?

-Ирэх жил төрнө. Дэвэнтэмүүлэл гэдэг нэр өгөх гэж байгаа.

-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг биш бил үү?

-Үгүй. Би өөрийгөө юу хийх гэж байгааг мэднэ. Миний амьдрал, миний зохиол.

-Ордонд итгэдэг хүн байдаг л даа. Харин та…?

-Сонирхож уншдаг. Сайхан юм бичсэн байвал сэтгэл өөдрөг явдаг. Тааруухан байвал сэрэмжилнэ. Сайн явах санааных гэдэг биз дээ. Гэхдээ би бурханд итгэдэг.

-Хөх тэнгэр гэж та ярих дуртай. Тэнгэрт залбирдаггүй юм уу?

-Шаардлага байхгүй. Зөвхөн эрхэмлэн дээдэлдэг.   

У.БАЯРСАЙХАН
Эх сурвалж: http: zindaa.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж