ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болов

Монгол Улс өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д  57 дахь оролцогч орноор нэгдэн орлоо. Ингэснээр  тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болж байгаа юм.

ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2012 оны арваннэгдүгээр сарын 8-20-нд хуралдаж Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулжээ.  Гишүүн орнууд санал нэгтэйгээр Монгол Улсыг тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болгосон байна. Вена хотод маргааш хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэх юм байна. Мөн тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болох ажээ.

ЕАБХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн  нийт 56 гишүүн орныг хамарч байсан бол ийнхүү Монгол Улс түүнд бүл нэмлээ.

Тус байгууллагын гишүүнээр элсэхээр Монгол Улс 2011 оны намар албан ёсоор хүсэлтээ гаргаж байжээ. ЕАБХАБ-ын энэ жилийн дарга болох Ирландын Байнгын төлөөлөгч О.О"Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нарын тэргүүлсэн ЕАБХАБ-ын удирдлага, Нарийн бичгийн дарга нарын газар, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчдийн баг өнгөрсөн зургадугаар сарын 3-6-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийж байсан юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж