Kuninori Mayumi: Би Richard Clayderman-ы үсийг засч байсан

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Kuninori Mayumi: Би Richard Clayderman-ы үсийг засч байсан

“АСА” циркт Японы соёл урлагийн анхдугаар наадамд оролцохоор Японоос ирсэн үсчдийн баг “Цоогий академи” дээр Монголын үсчдэд зориулан сургалт зохиож буй. Тус сургалтанд багшаар ажиллаж байгаа Японы “Bruno” багийн үсчин гоо засалч Kuninori Mayumi-тай ярилцлаа.

-Анх яаж үсчин гэдэг мэргэжлийг сонгох болов?

-Анх би Японд нэг хамтлагт дуулдаг байсан юм. Тэгээд Англи явмаар санагдаад сургууль судалтал үсчин гоо засалчийн сургууль байсан. Манай ээж, аав үсчин гоо засалч болохоор энэ сургуульд явъя гэж шийдээд энэ мэргэжлийг сонгосон. Би үсчнээр 25 жил ажиллаж байна. Франц, Англи, Сингапур, Индонез, Гонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Бельги, Испани, Дани гээд  маш олон оронд ажиллаж байсан.

-Дэлхийн үсний шинэ загварыг аль улс тодорхойлж байна?

-Хувцас үстэй холбоотой энэ хоёрыг салгаж ойлгож болохгүй. Хувцаснаасаа шалтгаалаад үсний загвар тодорхойлогдоно. Франц бол хувцас, үсний шинэ загварын төв нь болж байна гэж би боддог ч тухайн улс, улсад  тэр хүмүүс ямар хувцас өмсдөг, ямар соёлтой вэ гээд олон зүйлээс шалтгаалаад үсний засалт тэр болгон өөрчлөгддөг. Тухайн улс бүр өөр, өөрийн гэсэн өвөрмөц үс засалтын онцлогтой байдаг.

-Сүүлийн үед ямар үсний засалт моданд орж байгаа вэ?

-Ойрын үед нэг төрлийн үс засалт биш олон төрлийн үс засалтыг нэгд багтаасан холимог үс засалт моданд орж байгаа. Жишээлбэл нэг хэсэг нь спорт засалт байхад өөр хэсэг нь арай этгээд засалт байх ч юм уу эсвэл хоёр хэсэгт хуваагаад нэг хэсгийг нь хайчаар нөгөө хэсгийг нь өөр хэрэгслээр засаад бүгдээрээ нийлээд нэг бүтээл, нэг загвар  болох засалтууд сүүлийн үед их хийгдэж байгаа.

-Үсний загвар, хувцасны загвар шиг хэдэн жилийн дараа эргэн ирж байдаг уу?

-Хувцасны загвартай яг ижилхэн хэдэн жилийн дараа дахин  эргэж ирэх үзэгдэл үсний ертөнцөд ч ялгаагүй байдаг.  Хувцас загвар  нэг тавшин ахих юм уу, арай өөрөөр хөгжсөн байдлаар гарч ирж байдаг болохоор үс ч гэсэн төрөл нь хэвээрээ ч техник нь хөгжих гэх мэтээр өөрчлөгдөн явж байдаг. Үсний эргэлт хувцаснаасаа илүү хурдтай байдаг. Ер нь загварын чиг хандлага хоёр жилийн өмнөөс шийдэгдчихсэн байдаг. Жишээлбэл, утаснаасаа эхлээд энэ утсаар ямар даавуу хийх, тэр давуугаар ямар хувцас урлах вэ гээд шийддэгтэй адилхан тэрхүү утас даавуу хувцасанд зориулаад хоёр жилийн өмнөөс үсний загварыг гаргаж байдаг. Хувцасны мода-г дагасан хүмүүс эртнээс энэ үсний загвар гарах юм байна гээд түрүүлээд аваад хэрэглэдэг. Бас жирийн иргэдийн хотын соёлоос гарч ирсэн үсний загвар нийлээд шинэ загварыг бүрдүүлж байдаг. Үс засалтын загвар дөрвөн жилийн дотор давтан эргэлддэг байсан бол одоо нэг жилийн дотор л хурдтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон.

-Та оддын үсийг засаж байсан уу?

-Дэлхийд нэртэй Францын төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, киноны хөгжим болон этника өгжмийн зохиолч Richard Clayderman-ы үсийг засч байсан.

-Алдарт төгөлдөр хуурчын үсэнд ямар засалт хийсэн бэ?

-Ар талынх нь үс их долгионтой байсан болохоор тайрах биш яаж улам гоё харагдуулах вэ гэдгийг анхаараад гадагш нь том болгож харагдуулах засалт хийж байсан.

-Таны хийх  хамгийн дуртай үс засалтын төрөл юу вэ?

-Үс засалт ганцхан тайрах биш сэнсдэх самнах гээд олон төрөл. Зөвхөн тайралт дээр авч үзвэл нүүрний эргэн тойронд хэлбэр гарган тайрахдаа өөрөө их дуртай.

-Үсчний мэргэжлийн бахархал нь юу вэ?

-Би Японд их завгүй ажилладаг. Надаар үйлчлүүлэх гэж шинэ, хуучин үйлчлүүлэгчид маань  урьдчилан захиалга аваад олон цаг хүлээж байж ирдэг. Би хүмүүсийг сайхан болгосныхоо төлөө тэднээс мөнгө авч, талархал хүлээдэг. Хүмүүс сэтгэл зүйн байдлаас юм уу эсвэл стиль имижээ өөрчлөхийг хүсдэг. Тэр хүмүүст аз жаргал бэлэглээд, үйлчилгээ үзүүлэн, мөнгө аваад, дээрээс нь талархалыг нь хүлээнэ гэдэг тун ховор ажил. Үүгээрээ би их бахархдаг.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж