Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан 11.00 цагийн мэдээгээр Увс аймагт санал хураалт хамгийн бага буюу 47167 сонгогчоос 5886 нь саналаа өгсөн нь нийт сонгогчдын 12.48 хувийг эзэлж байсан юм. Сонгогчдын ирц тааруу байгааг цаг агаар хүндрэлтэй байгаатай холбон тайлбарласан. Тэгвэл бид Увс аймгийн тойргийн хорооны даргатай утсаар холбогдож санал хураалтын талаар тодруулахад, “Цагийн зөрүүнээс шалтгаалж санал хураалтын ирцийн мэдээ бусад аймгуудтай харьцуулахад доогуур гардаг. Түүнээс сонгогчдын идэвхи сул байгаа зүйл үгүй. Сонгууль болохын өмнө сумдуудад нэлээд цас орж, зам даваа хаагдаад байсныг нээсэн болохоор хүндрэл гараагүй байна. Сумдуудас цаг агаар тогтуун байна гэсэн мэдээллийг өгсөн. Сонгогчдын ирц 50 хувьд хүрэх бүрэн боломжтой. Одоогоор сумдуудаас мэдээлэл авч байна, 1 цагийн дараа тодорхой мэдээлэл өгөх бололцоотой” гэсэн юм.
Цаг агаар хүндэрч болзошгүй байсан аймгийн тоонд Хөвсгөл мөн багтсан. Тэгвэл тус аймгаас ирүүлж буй мэдээгээр цаг агаар тогтуун санал хураалт хэвийн үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд сонгогчдын 20 шахам хувь нь саналаа өгөөд байгаа тухай мэдээллийг орон нутгаас өглөө.
Г.ДАРЬ