Хүн төрөлхтний их баяр наадам зуны олимпийн наадмыг Ойрхи Дорнодод анх удаа “авчрахаар” Доха бэлтгэж эхэлжээ. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Катар 2020 оны зуны олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн ч хасагдаж, өдгөө эцсийн шатанд Мадрид, Токио болон Стамбул хотууд тунан үлдээд байгаа билээ.
Газрын тосны баялаг нөөцтэй Катарын Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга шейх Саоуд бин Абдулрахман ал-Тани тус улсын спортын салбар дахь бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт танилцуулсныг тус улсын эрх баригчид саадгүй хүлээн зөвшөөрчээ. Нэгэнт 2020 оны олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөн бүдэрсэн тул 2024 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадмыг Ойрхи Дорнодод зохион байгуулахын төлөө өрсөлдөхөөр болсон байна.
Т.МАША