Японы үсчин, гоо засалчид сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Японы үсчин, гоо засалчид сургалт явуулна

Энэ сарын 22,23-нд “АСА” циркт болох “Японы урлагийн анхдугаар наадам”-д оролцохоор Японы үсчин гоо засалч, моделиуд, урлагийн багийхан ар араасаа ирж байна. Ингээд тус наадмыг хамтран зохион байгуулж байгаа  “Монголын үсчин гоо засалчдын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын мастер үсчин, олон улсын шүүгч Ц.Цогзолмаатай ярилцлаа. Тус холбоо 1996 онд байгуулагдсан үсчин гоо засалчдын  анхны холбоо. 18 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт салбар зөвлөлтэй, нийт 3000 гаруй гишүүнтэй байгууллага юм.


-Танай холбоо энэхүү наадамтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Бид энэ сарын 22,23-нд “АСА” циркэд болох энэхүү наадамд үсчин гоо заслаар хамтран оролцож байгаа. Японы үсчид 19-21-нд манай үсчин гоо заслын академи дээр Монголын үсчин гоо сайханчдад  сургалт явуулна. Өнөөдөр манай академи дээр Японоос ирсэн гурван үсчин сургалт явуулж байна. Мөн энэ сарын 20-нд зургаан япон ирж багшилна. Тэд үс засалтын техник , хэлбэр гаргах, индүүдэхийг заахаас гадна  мөн хиймэл үс залгах сургалт явуулна. Ийм сургалт тэр бүр манайд хийгээд байдаггүй. Тавдугаар сарын 21-нд гоо сайхан, нүүр будалт, маникюрын сургалт болно.

-Япон, монголын үс засалтын техник хэр ялгаатай вэ?

-Ази гэж нэг ойлголт байдаг ч үс засалтын техникээрээ ондоо. Үүнийг л энэ наадам дээр харуулна, япончууд өөрсдийнхийгөө, бид Монголынхоо үс засалтын техникийг үзүүлнэ.

-Японы үс засалт юугаараа давуу вэ?

-Япончууд үсийг шингэлж засах болон янз янзын хэлбэр маяггүй замбараагүй үс засалтын техникүүдийг их хэрэглэдэг. Харин манайх сүүлийн үед салон талын техникүүд  давамгайлж байгаа. Энэ шоун дээр ч үүнийгээ түлхүү үзүүлнэ гэж бодож байгаа. Ялгаа нь манайх гоёлын засалтдаа барууны школтой болохоор хүчтэй техник хэрэглэн, хүч хөдөлмөр их зарцуулдаг. Харин япончууд хөнгөхөн маягаар, жижигхэн зүйлс их хийн, гоёлын засалтаас илүү энгийн засалт их хийдэг.

-Япончууд маникюр, будалтаараа  дэлхийд нэгдүгээрт явдаг. Энэ сургалтад маникюри, будалтыг түлхүү заах уу?

-Сүүлийн үед хумс будалтыг техни бийр урлагийн хэмжээнд зурж хийх болсон. Үүнийг бас түлхүү харуулна. Өнгөрсөн жил бид Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд урин маникюрийн сургалт явуулж будалтын текник дээр ажилласан. Энэ жил Монголын үсчин гоо засалчдын тэмцээн зургадугаар сарын 25, 26-нд болно. Уг тэмцээнд маникюри  будалтыг илүү түлхүү урлаг талаас нь харуулахыг гол зорилгоо болгож байгаа.

-Энэ наадмын дараа цөөн тооны үсчид үлдэж, үс засалт хийнэ гэсэн. Японы үсчид хаана, хэд хоног ажиллах вэ?

-Долоон үсчин тавдугаар сарын 24-с зургадугаар сарын 4-н хүртэл арав хоног “Цэрэнханд” салон, “Сарнай Х” гоёлын студи, “Макаризо” салон, “Туяа мастер” салон, Цоогий академи, “Nana салон”, “Smile” салон гээд  долоон газар үнэ төлбөргүй үс засна.

-Ойрын үед танай холбооноос ямар арга хэмжээ зохиож байгаа вэ?

-Өнөөдөр Баянгол дүүргийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Маргааш Сүхбаатар дүүргийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 22-нд баруун таван аймаг бүсийн үсчин гоо засалчдын тэмцээн эхэлнэ. Энэ жил манайх хоёр жилд нэг удаа зохиодог улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа учраас бүх дүүрэг, аймаг, орон нутаг аваргаа шалгаруулан улсын аваргад өрсөлдөнө. Улсын аваргын тэмцээнээс шалгарч гарсан нь аравдугаар сард Өмнөд Солонгосын Сөүл хотод болох үсчин гоо засалчдын  Ази номхон далайн орнуудын 13-р их наадам, дараа нь Парист болох Дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцоно.

-Танд ажлын амжилт хүсье
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж