Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын идэвх тааруу байна. Тус дүүргийн Баянхошууны шинэ эцэс дэх Х хороонд байрлаж байгаа Орон нутгийн сонгуулийн 28, 30 дугаар хэсгүүд тус бүртээ 3000 орчим сонгогчтой. Тэгвэл их үдийн 12.00 цаг гэхэд хоёр хэсэгт аль альд нь 300 орчим сонгогч саналаа өгөөд байв. Хэсгүүдийн үүдэнд дугаарласан сонгогч байхгүй, санал авах байруудад хараахан урсгал тасарчихалгүй саналаа өгцгөөж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга Ч.Сүхбаатарын хэлж буйгаар Сонгинохайрхан дүүрэгт нийт 80 хэсгийн хороонд санал хураалт болж байгаа бөгөөд 11.00 цагийн байдлаар сонгогчдын ирц дөнгөж 9,75 хувьтай байжээ. Энэ нь сонгогчдын идэвх хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Д.ОЮУН