1961 онд цэргийн хүчээр төрийн эрхийг гартаа оруулж, БНСУ-ын тав дахь ерөнхийлөгч болсон Пак Жон Хыигийн явуулж байсан улс төрийн бодлогыг шүүмжлэгчид болон дэмжигчид тус улсад одоо ч байдаг. Эдийн засгаа хөгжлийн замд нь оруулсан ч өөрөөр сэтгэгчдийг замаасаа зайлуулж, ардчилсан өөрчлөлтөөс айж байсан түүний амийг 1979 онд Тагнуулын албаны дарга нь хөнөөсөн аж. Харин ирэх арванхоёрдугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд түүний охин Пак Гын Хэ нэр дэвшиж байгаа юм. БНСУ-ын эрх баригч намын нөхөд түүнийг элэглэсэн зургийг сэтгэлзүйн аллага гэж үзэж байгаа бөгөөд шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Нэр дэвшигчийг элэглэсэн зураач Хон Сун Дам өөрийнх нь бүтээл эрх баригчдад өгсөн анхааруулга хэмээн тайлбарласан байна. Тэрбээр "Хэрэв минийхтэй адил шүүмжлэлт уран бүтээлийг хуулиар хориглох юм бол сонин, сэтгүүл дээр өдөр тутам гарч буй шог зураг, нийтлэлүүд ч алга болно. Пак Гын Хэгийн дэмжигчид түүнийг яг л бурхан мэт сохроор шүтэж байна. Гэвч ардчилсан улсын сонгогчид ийм байдлаар сонгууль өгөх ёсгүй. ” хэмээн Франс-пресс агентлагт мэдээлсэн байна. Шог зураач Хон Сун Дам өмнө нь Хойд Солонгосыг магтан дуулсныхаа төлөө шоронд хоригдож байсан ч тус улсын Дээд шүүх түүнийг гэм буруугүй гэж үзжээ.
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хатагтай Пак Гын Хэ нөхөрт гарч байгаагүй, хүүхэдгүй нэгэн бөгөөд БНСУ-тай үүрд ханилсан хүн гэж ярьдаг гэнэ. Пак Гын Хэ 2007 онд одоогийн Ерөнхийлөгч Ли Мён Бактай сонгуульд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.