Д.Батхуягыг дараах хэргүүдэд буруутган, сэжигтнээр татаад байгаа юм.
- АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоосон байна.
Түүнчлэн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргаад байжээ. Гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан аж. Ингээд АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид лицензийн зөвшөөрлийг шилжүүлсэн байна. Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй газар юм байна.
Энэ хэрэгт холбогдуулан АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан н.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан болон н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнийг мөрдөн шалгаж, хавтаст хэрэг нээгээд байгаа юм.
Одоогоор Д.Батхуяг, н.Даваацогт, н.Бат-Ирээдүй нар батлан даалтад байгаа бол н.Жаргалсайхан нь Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.