Ц.Элбэгдорж: Сонгууль өгөх нь иргэн бүрийн ажил

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Сонгууль өгөх нь иргэн бүрийн ажил

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн 4-р хэсэгт саналаа өгөв. Эхлээд тус сонгуулийн хорооны дарга Г.Оюунцэцэг Ерөнхийлөгчийг угтан авч, сонгуулийн явц байдлыг танилцуулав. 10 цагийн байдлаар тус хэсэгт 200 гаруй иргэд саналаа өгчээ.
 
Ерөнхийлөгч саналаа өгсний дараа хэлсэн үгэндээ, “Өнөөдөр орон нутгийн хувьд хамгийн чухал сонголтоо хийх, иргэдэд хамгийн ойрхон төрөө сонгох сонгуулийн өдөр. Иймд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцох, сонголтоо хийх, нийт иргэдийн хариуцлагыг хүндэтгэж амралтын өдөр болгосон”. Үүнд нэг зүйлийг онцлон хэлмээр байна: “Сонгуулиа өгөөгүй бол амрах эрхгүй, Сонгууль өгнө гэдэг өнөөдөр иргэн бүрийн ажил юм шүү”.
 
Мөн “Хөдөө орон нутагт цаг агаар хүндрэлтэй байгаа газарт иргэддээ санал өгөхөд нь төрийн байгууллагууд, сонгуулийн хороод тусалж дэмжихийг хүсч байна. Хууль тогтоомж зөрчихгүй, хариуцлагатай төрийн байгууллагууд ажиллах ёстой, иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Эцэст нь, сонгогдсон хүмүүс, сонгуульд оролцсон нам эвслүүд ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж ажиллах ёстой” хэмээн онцлон хэллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж