Оюун ухааны олимп Турк улсад болно

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Оюун ухааны олимп Турк улсад болно

Туркэд болох дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг оюуны олимп буюу “MEMORIAD-2012” тэмцээн энэ сарын 23-26-ны хооронд болно. Тус тэмцээнд улсаа төлөөлж оролцох Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд 20 орны 89 оролцогч “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг тогтоолтын тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын тав, нийт 10 төрлөөр өрсөлдөх юм байна.

Оюуны олимпод оролцох Монголын баг тамирчид:

  1. Х.Хатанбаатар (Ой тогтоолтын Олон улсын мастер, Дасгалжуулагч)
  2. С.Цогбадрах (Ой тогтоолтын Олон улсын их мастер)
  3. С.Акжол (Ой тогтоолтын Олон улсын их мастер)
  4. Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын Дэлхийн Аварга)
  5. Б.Анар (Ой тогтоолтын Үндэсний Гутгаар аварга)
  6. Б.Ганбаяр (Оюуны спортын тамирчин) нар багтжээ.

Дасгалжуулагч багш, ОУ-ын мастер Х.Хатанбаатараас аль төрөлд илүү амжилт гаргах боломжтой талаар, мөн түүний сэтгэгдлийг сонсоход “Манай тамирчин тус бүр нэг нэг төрлийг онцгойлон бэлдэж байгаа. Тамирчин бүр тухайн төрөлдөө амжилт гаргах бүрэн боломжтой. Сүүлийн хоёр долоо хоногийн турш хамтдаа вакум орчинд өдөрт 10-13 цагийн бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн үр дүн маш сайн байгаа. Удахгүй баярт мэдээг Монгол түмэндээ дуулгана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Мөн оюулаг үйлсийг дэмжиж энэхүү тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн их аварга Д.Дагвадорж, “Алтай Констракшн” ХХК-ий захирал Х.Бат-Эрдэнэ болон багийн гишүүдийнхээ гэр бүлд, “Palace” зочид буудлын хамт олонд нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, Германы Гизен хотноо 10 сард болсон “Цээж бодолт”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ой тогтоолтын олон улсын аварга Т.Мягмарсүрэн түрүүлж, дэлхийн аварга хэмээх цолыг эх орондоо анхлан авчирсан билээ.

Тэмцээний талаарх мэдээллийг www.memoriad.com сайтаас аваарай.

Тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа амжилт хүсье!

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж