Санал хураалт хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Санал хураалт хэвийн үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд орон нутгийн сонгууль хуулийн дагуу өглөөний 07.00 цагаас эхэллээ гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Одоогоор санал авах ажиллагаа сонгуулийн хэсгийн хороо бүрт хэвийн үргэлжилж байна.
 
Энэ талаарх мэдээллийг бид дүүрэг бүрийн сонгуулийн тойргийн хороодтой холбогдож авлаа. Тухайлбал, хамгийн олон хүн амтайд тооцогддог Баянзүрх дүүрэг 79 хэсгийн хороотой, 190076 сонгогч саналаа өгөх ёстой. Хэсгийн хороод нь тойргийн хороондоо 12.00 цагт санал хураалтын анхны дүн мэдээг ирүүлэх тул тэр үед тодорхой тоо хэлэх боломжтойг тус тойргийн хорооноос онцоллоо. Хэсгийн хороодоос ирүүлж байгаа мэдээллээр одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж, ямар нэг будилаан маргаангүй явж байгаа аж. Сануулахад, өчигдөр зарим иргэн /өөрийн биеэр хэсгийн хороонд ирж саналаа өгөх бололцоогүй иргэд/-ий саналыг урьдчилж, битүүмжилсэн зөөврийн хайрцгаар авсан байгаа. Тус дүүргийн хэмжээнд нийт 605 сонгогч урьдчилж саналаа өгсөн бол  56 сонгогч хамрагдаж чадаагүй байна. Зарим иргэн гэртээ байгаагүй, зарим нэг нь иргэний цахим үнэмлэхээ үргэгдүүлснээс бол саналыг нь авах боломжгүй байжээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажилд 600 орчим төрийн албан хаагч, цагдаа дайчлагдан ажиллаж байна.

Хүн амын тоогоороо нийслэлийн дүүргүүд дотроо хоёрт ордог Сонгинохайрханы хувьд 80 хэсгийн хороо ажиллаж байна, нийт 182 мянган сонгогч саналаа өгөх ёстой. Хэсгийн хороодоос тойргийн хороонд ирүүлж байгаа мэдээллээр сонгогчдын идэвхи сул байна, гэхдээ 11.00 цагаас хойш сайжрах байх гэсэн хүлээлттэй байна. Мөн урьдчилсан байдлаар саналаа өгсөн иргэдийн тоог хараахан гаргаж амжаагүй сууна, нийт 80 хэсгийн хорооноос мэдээлэл цуглуулах болохоор цаг хугацаа орж байгаа гэнэ.

Хан-Уул дүүргийн хувьд 37 хэсгийн хороотой, сонгуулийн насны 84259 сонгогчтой. Өглөөний 09.00 цагийн байдлаар 2143 сонгогч саналаа өгөөд байгаа, энэ нь нийт сонгогчдын 2.5 хувь гэсэн үг юм. Хэсгийн хороодод 259 хүн, мэдээлэл технологийн 44 ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч 74, мөн дээр нь цагдаагийн албан хаагчид сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн хувьд 107 мянган сонгогчтой, нийт 43 хэсгийн хороо ажиллаж байна. Өглөөгүүр болохоор сонгогчдын ирц сулхан байгаа, 10.00 цагаас эхлээд сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Сүхбаатар дүүрэг 41 хэсгийн хороотой, 90 мянга гаруй сонгогч саналаа өгөх ёстой. Санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлсэн бөгөөд хэвийн үргэлжилж байна. Өдрийн 12.00 цагт хэсгийн хороодоос мэдээлэл авна гэлээ.

Харин өчигдөр болсон урьдчилсан санал хураалтад 323 иргэн оролцжээ. Сонгууль зохион байгуулах ажиллагаанд өнөөдөр хэсгийн хороодод 294 ажилтан, хэв журам сахиулах 60 цагдаа, иргэний бүртгэлийн 50, итгэмжлэгдсэн 90 төлөөлөгч тус тус ажиллаж байгаа тухай мэдээллийг тус дүүргийн Тойргийн хорооноос авлаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж