Сонгуулиа дахиулалгүй саналаа өгцгөөе

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Сонгуулиа дахиулалгүй саналаа өгцгөөе

Өнөөдөр Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэн орон нутгийн сонгуульдаа оролцож байна. Сонгуульдаа сэтгэл хоёрдолгүй оролцог гэсэндээ ажлын өдрийг амралтын болголоо. Зах зээлээр орж цагаа үрүүзэй гэсэндээ томоохон худалдааны төвүүдийг ажиллуулахгүй гэлээ. Сонгуулийн өдөр архи дарс зарахгүй гэдгийг зориуд мэдэгдлээ. Тэгэхээр иргэн бүр Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж орон нутгийн сонгуульдаа оролцох ганцхан ажлыг л өнөөдөр гүйцэтгэнэ. УБЕГ-аас гаргасан судалгаагаар өнөөдөр нэг сая 862500 гаруй сонгогч саналаа өгөх юм. Сонгогчид долоон нам, хоёр эвслээс болон бие дааж нэр дэвшсэн 19400 гаруй нэр дэвшигчээс сонголтоо хийнэ.

Иргэд санал хураах байранд иргэний цахим үнэмлэхээ заавал авч очино. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуультай адилаар санал хураалтыг автомат машинаар явуулах юм. Гэхдээ цахим үнэмлэхээр саналаа өгнө гэдгээрээ онцлог. Улаанбаатарын иргэд өнгөрсөн зун нийслэлийн ИТХ-аа байгуулчихсан тул одоо зөвхөн дүүргийн ИТХ-аа бүрдүүлнэ. Харин Баянзүрх дүүргийнхэн УИХ-ын сонгуулийн нэг мандатаа эзэнтэй болгоно. Орон нутгийн иргэдийн хувьд өмнө заншсан ёсоор аймаг, сумынхаа ИТХ-ыг байгуулах юм.

Энэ удаа улсаас хуваарилсан төс­вийг өөрсдөө захиран зарцуулах эрх­тэй, ихээхэн “мөнгөлөг” ИТХ-ын бүрэлдэхүүнийг сонгох болсноороо онцлог.  Тэгэхээр тэр хөрөнгийг жинхэнэ утгаар нь иргэдийн ахуй амьдралд наах чадвартай нам хүчин, түүний төлөөллийг орон нутгийн ИТХ-д сонгох үүргийг иргэд хүлээж байна. Багуудын төлөөлөл сумын ИТХ-д, сумдын төлөөлөл аймгийн ИТХ-д  суух боломжийг Орон нут­­гийн сонгуулийн тухай шинэ хуулиар ба­талгаажуулсан.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд болно. Өнөөдөр сон­гогчдын саналыг авахаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 суманд сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт  2370 сонгуулийн хороо  ажиллаж байна.  Сон­гуу­лийн хорооны 16590 ги­шүүн, ир­гэний бүртгэлийн 2533 ит­гэмжлэгдсэн ажилтан, цаг­даа­­гийн хамгаалалтын 2500 гаруй ажил­­т­ан, мэдээллийн техноло­гийн 2560 мэргэжилтэн энэ сон­гуулийг зохион байгуулж, таны саналыг шударгаар авахын төлөө ажиллаж байгаа юм. Сонгогчдын санал авахад 2500 санал авах тоолох машин, сонгогчийн ца­хим үнэмлэх бүртгэх 2900 илүү техник хэрэгслийг ажиллуулж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг явуулахад улсын төсвөөс сонгогчдын татварын мөнгө болох 5,4 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Хэрэв сонгогчдын ирц хүрэлгүй сонгууль дахиулах юм бол энэ хөрөнгө зүгээр л элсэнд шингэсэн ус мэт үгүй болно. Ялангуяа залуус сонгуульд саналаа идэвхтэй өгөх хэрэгтэй болж байна.

Энэ удаагийн сонгууль өвлийн эхэн сард болж буйгаараа онцлог. Нийслэлийнхний хувьд энд хүндрэл үүсэхгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл ажлын өдрийнх шиг үйлчлэх тул явгарна гэж айлтгүй. Харин малчид өвөлжөөндөө буусан, отор нүүдэлд гарч эхэлж байгаа хөдөө орон нутагт бэрхшээл бий. Одоогийн байдлаар 17 аймгийн нутагт өвөлжилт хүндэрч эхэлжээ. Цаг агаарын мэдээнээс ха­рахад  энэ сарын 21-ний өдөр буюу өнөөдөр зарим нутгаар цас­ орох юм байна. Үүнээс сэрэмжилж сонгуулийн хо­роод, аймаг, сумдынЗасаг дарга нарт СЕХ-ноос сон­гогчдын саналыг өгүүлэхэд ан­хаарч ажиллах талаар зөвлөмж, заавар хүр­гүүлжээ. Нийт 180 сая төгрөгийг цас, зудтай бай­гаа аймгуудад хүргүүлсэн байна. Үүгээр цасанд хаагдсан зам давааг нээх зэрэг ажлыг шуур­хай хийхээр төлөвлөжээ. Иргэд цасанд боогд­сон, саналаа өгч чадахгүй болсон то­хиол­­дол гарвал тусгай тээврийн хэрэгсэл гар­гахаар төлөвлөөд байгаа юм. Улаан­баа­тар, Дархан, Эрдэнэтээс бу­сад бүх аймагт болзошгүй эрсдлийн үед хэрэглэх мөнгө ху­ваарилсан байна.

Ингээд насанд хүрсэн иргэн бүр саналаа өгч орон нутгийн парламентаа байгуулахад анхаарах л үлдлээ. Ирц бүрдэлгүй зарим хэсэгт дахин сонгууль болж байсан 2008 оны алдааг давтахгүйг сонгогчид хичээх ёстой. Хэрэв тэгвэл татварын мөнгөөрөө бүрдүүлсэн 5,4 тэрбум төгрөгийг хийсгэхээс гадна цаг агаар улам хүйтэрч цас зузаарч, орон нутгийнхаа парламентыг байгуулах ажил илүү хүндрэх болно. Тэгэхээр сонгуулиа дахиулалгүй саналаа өгцгөөе. Яг одоо санал авах байр руугаа цахим үнэмлэхээ аваад гараарай.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж