СБД-т урьдчилсан санал хураалт 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

СБД-т урьдчилсан санал хураалт 80 хувьтай байна

Маргааш орон нутгийн сонгууль болох  ч өөрийн биеэр сонгуулийн хэсгийн хороондоо хүрч очиж саналаа өгөх боломжгүй иргэдийн саналыг өнөөдрөөс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах ажлыг харьяалах хэсгийн хороод зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажил дүүргүүдийн хэмжээнд ямар шатанд явж байгааг бид тодрууллаа.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 90 мянган иргэн сонгуульд оролцож саналаа өгөх ёстойгоос урьдчилж өнөөдөр буюу зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтийг 3000 иргэн гаргасан байна. Энэ дагуу харьяалах хэсгийн хороод нь иргэдийн саналыг авч буй бөгөөд санал хураалт 80 хувьтай явж байна гэсэн мэдээллийг тус дүүргийн Сонгуулийн хорооноос өглөө. Санал авах шатанд зөрчил гараагүй, гэхдээ цахим үнэмлэхээ гээснээс болж саналаа өгөх боломжгүй болсон, мөн зарим нэг иргэн гэртээ байгаагүй зэрэг тохиолдол гарсныг эс тооцвол зөрчил маргаан гараагүй энэ ажил хэвийн үргэлжилж  байна.

Харин Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны хувьд маргааш мэдээллийг өгөх бололцоотой, одоо ямар ч мэдээлэл алга гэсэн хариулт өглөө. Тус дүүрэг нь 107 мянган сонгогчтой юм байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 80 хэсгийн хороотой, 93 иргэн урьдчилж саналаа өгөх хүсэлт гаргасан. Одоогоор хэдийнх нь саналыг авсан талаар мэдээлэл гараагүй байгаа хэсгийн хороодоос мэдээллээ цуглуулж байж, тодорхой болно гэсэн юм.

Баянгол дүүргийн хувьд 55 хэсэгтэй, 276 иргэн урьдчилж саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Одоогийн байдлаар 252 иргэний саналыг аваад байгаа. Иргэний цахим үнэмлэхээ алдсан, хэвтэрт байгаа зарим иргэн гэрийнхээ хаалгыг тайлж өгөх боломжгүй байгаагаас шалтгаалж зарим нэг иргэний саналыг авч чадаагүй. Гэхдээ дахин очиж саналыг нь авах аж.

Хан-Уул дүүргийн хувьд хэсгийн хороодтойгоо холбогдож мэдээллээ авна, одоогоор санал хураалт дуусаагүй байгаа тул бүрэн мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа мэдэгдлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж