
УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хорооноос гаргасан. Ингээд дахин санал хураалтыг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтран явуулахаар товлоод байсан билээ. Гэтэл тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох хүртэл дахин санал хураалтыг хойшлуулах хүсэлтийг иргэний зүгээс гаргаад байсан юм. Ингээд Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн шүүхээс өчигдөр тойргийн хороонд дахин санал хураалт явуулахыг түдгэлзүүлсэн тухай гэсэн шүүгчийн захирамж ирүүлжээ. Харин өнөөдөр 17.00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Энэ талаар дүүргийн тойргийн хорооны дарга н.Баатарнямаас тодруулахад, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг сая гаргалаа. Тиймээс дахин санал хураалтыг хойшлуулаагүй. Маргааш Баянзүрх дүүргийн иргэд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө сонгохоос гадна УИХ-ын сонгуульд саналаа өгөх юм” гэсэн тайлбарыг өглөө. Дахин санал хураах УИХ-ын 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдөх юм.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалт маргааш 07-22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ш.ЧИМЭГ