Европын Холбооны зүгээс Монгол Улсыг дэмжихэд туслахаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Европын Холбооны зүгээс Монгол Улсыг дэмжихэд туслахаа илэрхийлэв

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Засгийн газрын урилгаар манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Ян Фишерийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
      Монгол, Чехийн уламжлалт харилцаа манай хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дарга тэмдэглээд монголчууд Чехийн ард түмнийг сайн мэддэг, туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд нь талархалтай ханддаг, тэр дундаа манай орны хөдөө аж ахуй, боловсролын чиглэлд үр ашигтай төслүүд хэрэгжүүлж буйд баяртай байдгийг онцлов. Мөн манай оюутнуудыг сургаж байгаад нь Чехийн Засгийн газарт талархал илэрхийлээд тэдэнд тэтгэлэг олгох, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар анхаарал тавихыг Ерөнхий сайдаас хүслээ.
     УИХ-ын дарга цааш нь сүүлийн жилүүдэд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд хууль тогтоох байгууллагын хооронд харилцан айлчлал тогтмол хэрэгжиж, санал солилцож байгаа нь парламент хоорондын төдийгүй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт идэвхжүүлэхэд түлхэц үзүүлж байгааг онцоллоо. Тухайлахад 2005 онд Чехийн Парламентын дарга Л.Заоралэк манай улсад, 2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан БНЧУ-д албан ёсны айлчлал хийсэн бол Чехийн Парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид ирэх сард манай улсад айлчлах юм байна.
      Хоёр орны эртнээс уламжлалт харилцаа сүүлийн жилүүдэд хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын төдийгүй салбарын олон чиглэлээр өргөжин хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа Ерөнхий сайд Ян Фишер тэмдэглээд миний энэ удаагийн айлчлал ч хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд хувь нэмэр болж буйд баяртай байна гэдгээ онцлов. Мөн манай хоёр ард түмэн олон жилийн найрсаг харилцаатай явж ирсний түүхэн гэрч болсон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг бид хамтран тэмдэглэж өнгөрүүллээ. Одоо энэхүү уламжлалт харилцаагаа шинэ түвшинд гаргах бололцоо бүрдлээ. Энэ үндсэн дээр айлчлалын хүрээнд хэд хэдэн төслийг хамтарч хэрэгжүүлэхээр тохирсонд сэтгэл өндөр байна гэлээ. Түүнчлэн БНЧУ нь Европын Холбооны гишүүн орны хувьд тус холбооны зүгээс Монгол Улсыг дэмжихэд туслахаа илэрхийлэв.
      УИХ-ын дарга Чехийн Ерөнхий сайдын энэхүү санал санаачлагад талархаж буйгаа илэрхийлээд Чех улсын тухайд манай орны бараа бүтээгдэхүүнийг авах, улмаар Европын Холбооны орнуудын зах зээлд нийүүлэх өргөн боломж байгааг санал болголоо.
      Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Оюун, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж