“Тамирчны алдар” шинэ клиптэй болно

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

“Тамирчны алдар” шинэ клиптэй болно

Одоогоос 24 жилийн өмнө “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы “Тамирчны алдар” хэмээх дуу төрсөн түүхтэй. Дууны гол эзэн нь 1988 оны Сөүлийн олимпийн боксын төрөлд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Нэргүйн Энхбат юм. Түүнийг олимпоос хүрэл медаль авсны дараа гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэхүү дууг зохиож өгсөн ч хожим клип хийлгэсэн билээ. 2002 оны хоёрдугаар сард  “Тамирчны алдар” дуу клиптэй болсон. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл ирэх жил тус дуу төрсний 25 жилийн ой болох бөгөөд “Тамирчны алдар” дууны хоёр дахь хувилбарыг спортын хорхойтнуудад хүргэхээр болсон талаар өчигдөр мэдээллээ. “Мөнгөн цагариг” клубын санаачлагаар бүтээх гэж буй уг клипэнд их спортын өнөө цагийн алдартнууд болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Д.Дагвадорж, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын тэргүүтэй 60 гаруй тамирчны ялалтын торгон агшныг багтаасан байх юм байна. Мөн үүнээс гадна энэ сарын 28-нд Спортын төв ордонд “Тамирчны алдар” хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын спортын бүх холбоод оролцохоор мэдүүлсэн аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж