-Маргааш сонгуулийн санал хураалт болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
-Маргааш бүх нийтээр амарч, улс орон даяар 7-22.00 цагийн хооронд санал хурааж, иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа өөрсдийн төлөөлөгчөөр бүрдүүлэх гэж байна.Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж, дуусах шатандаа байна. Бидний зүгээс
сонгуулийн хуулийн хүрээнд сонгуулийг шударга зохион байгуулах, сонгогчдод сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт 2370 сонгуулийн хороо зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр хороодод сонгуулийн хорооны гишүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын ажилтан, мэдээллийн технологийн багийн ажилтан, даамал, нийт 23 мянга гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Сонгуульд сонгогчийн санал авах 2010 байр, 2500 санал авах, тоолох төхөөрөмж, сонгогчийг цахим үнэмлэхээр бүртгэх 2615 техник хэрэгслийг бэлэн болгоод байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 1.862.500-гаад сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Энэ удаагийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцон, тэдгээр нам, эвслээс болон бие даан нийт 19400 гаруй нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байна.
-Сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн үйлдлүүд олон гарсан. Сонгуулийн ерөнхий хороонд хичнээн гомдол, санал ирсэн бэ?
-Ирсэн гомдол саналуудыг судалж үзээд, хуулийн дагуу дүүрэг, аймаг, сумдын хороонд нь шилжүүлээд байна. Тухайлбал, хорооны Засаг дарга нар Засгийн газраас хэрэгжүүлж буй хямд үнэтэй нүүрсний талоныг иргэдийн саналыг ашиглах зорилгоор тараах зэрэг зөрчлүүд илэрч байна. Холбогдох сонгуулийн хороодод нь албан бичиг хүргүүлж, арга хэмжээ авахыг зөвлөсөн.
-Хууль зөрчсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлагууд байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ буюу сурталчилгааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээгээр торгох. Мөн сурталчилгааны явцад хууль зөрчсөн нь батлагдвал нэр дэвшигчийг хасах хуулийн заалт бий. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь эрүүгийн шинжтэй байвал эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтууд бий. Эдгээр арга хэмжээг цагдаагийн байгууллага шалгаж тогтоож, шүүх хяналт тавьж ажиллана.
-Өмнөх орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй шалтгаанаар дахин санал хурааж байсан. Мөн сонгууль өгч чадахгүй буюу гол, ус үерлэсэн тохиолдол УИХ-ын сонгуулийн үеэр гарч байсан?
-Нийслэлийн ИТХ дахин санал хураалт зохион байгуулж байсан тохиолдол өмнө нь гарч байсан. Дахин санал хураалт гаргахгүйн тулд СЕХ-ны бүх хороодод үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуулийг өвлийн улиралд зохион байгуулж байгаа учраас орон нутагт хүндрэл гарч болзошгүй. Зарим аймаг, сумдад ажиллаж байна. Иргэдийг сонгуульд идэвхитэй оролцуулах сурталчилгааг эхлүүлсэн. Үүнээс гадна үүрэн телефоны компаниудтай хамтран ажиллаж байгаа. Эдгээр компаниуд, цахим хэвлэл, сонин зэрэг хэвлэлийнхэн идэвхитэй ажиллаж байгаа нь сонгуулийн ирц бүрдүүлэхэд нэмэр болно гэж үзэж байна. Мөн аймаг, сум, дүүргийн хороодод чиглэл өгөн ажиллаж байгаа. Ялангуяа зам даваа хаагдсан, цас ихтэй газрын судалгааг гаргаж байна. СЕХ-нд ирсэн мэдээллээр шатахууны зардал хэрэгтэй байна гэсэн. Үүний дагуу болзошгүй ажлын зардал болох 180 сая төгрөгийг цаг агаарын хүндрэлтэй аймаг, сумдад хүргүүлж байна. Увс, Завхан, Хөвсгөл, Ховд зэрэг цас ихтэй аймгуудад 16 сая, дунд зэргийн цастай аймгуудад 10-11 сая, бага цастай аймгуудад 5-6 сая төгрөгийг тус тус хуваарилан санхүүгийн дэмжлэг хүргүүлээд байна. Санал авах боломжгүй, цаг агаарын саатал зэргээс шалтгаалан санал өгөх боломжгүй байвал тээврийн хэрэгсэл ашилах боломжтой гэсэн чиглэлийг өгч байгаа.
-Сонгууль зохион байгуулж байгаа 20 мянга гаруй төрийн албан хаагчид саналаа хэрхэн өгөх вэ?
-Сонгуулийн зохион байгуулах ажилд оролцож байгаа төрийн албан хаагчид нь өөрийн оршин сууж байгаа сонгуулийн хороонд ажиллаж байгаа бол саналаа өгөх боломжтой. Өөрийн оршин сууж байгаагаас өөр хэсэгт ажиллаж байгаа бол хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл саналаа өгөх боломжгүй.
-Өнөөдөр урьдчилан санал авах буюу битүүмжилсэн хайрцгаар санал авч байгаа. Хичнээн сонгогчоос урьдчилан санал авах вэ?
-Зөөврийн битүүмжилсэн ажиллагаа өнөөдөр 09.00 цагт эхэлсэн. Орой 18.00 цагт орон даяар дуусна. Одоогоор хэдэн хүнээс санал авсан тоо байхгүй. Тодорхой мэдээллийг, дүүрэг, аймаг, сумдын тойргийн хорооноос авах боломжтой.
-УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн хорооны дахин санал хураалтыг хойшлуулах хүсэлт СЕХ-нд ирсэн гэсэн?
-УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо нь гаргасан. Гэтэл өчигдөр Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн шүүхээс тойргийн хороонд дахин санал хураалт явуулахыг түдгэлзүүллээ гэсэн шүүгчийн захирамж ирсэн. Үүний дагуу тойргийн хороо шийдвэрээ гаргана.