
Уулзалтаар тэрээр “Улаанбаатар төмөр зам” цаашид хэрхэн ажиллах, улс орны ирээдүйд ямар хөгжил дэвшил авчрах, тэнд ажиллаж буй ажилчдын ахуй амьдралыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах талаар төмөр замчдад мэдээлэл, тайлбар өгсөн юм.
Сайд А.Гансүх албан томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж, төмөр замчидтай хийсэн уулзалт бүртээ “УБТЗ-ыг дарга нарын “вант улс” бус “төмөр замчдын вант улс” болгоно” гэдгийг онцолж байсан. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх бүтцийн өөрчлөлтөөр зарим нэг даргын нарын албан тушаал л өөрчлөгдөхөөс бус нэг ч төмөр замчин ажилгүй болохгүй гэдгийг салбарын сайд тодотгосон. Ингэхдээ зөвхөн мэргэжлийн, ажил үүргээ сайн мэддэг, чадварлаг боловсон хүчнээр шинэ баг бүрдүүлж байгааг танилцуулав. Тиймдээ ч УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Сэрээнэндоржийг томилсноо дуулгасан юм. Үүгээрээ тэрээр бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилгүй болчи хвий гэсэн төмөр замчдын битүүхэн айдсыг үргээсэн гэж болно.
Уулзалтаар мөн цаашид төмөр замын салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалтыг танилцуулсан ба төмөр замчдын нийгэм, эрүүл мэндийн асуудалд анхааран ажиллаж буйгаа дуулгасан юм. Мөн орон нутгийн өртөөнүүдэд төмөр замчдад зориулан шинээр баригдах орон сууцны асуудлыг ирэх жилийн төлөвлөгөөнд тусган ажиллах болсон гээд олон асуудлыг дэлгэлээ. Төмөр замчид удирдлагууддаа хандан Багахангай өртөөнөөс хийдэг зарим сул эргэлтийг танилцуулсан ба удирдлагууд үүнд анхааран ажиллах болно гэдгээ хэлэв. Мөн шагнал урамшууллын асуудлыг хөндөж, төмөр замаас тэтгэвэртээ гарсан иргэдийг эргэн харж, нэхэн шагнах талаар ч дуулгасан нь ажил хэрэг болохоор боллоо. Ийнхүү төрөм замчид удирдлагуудтайгаа өөрийн санал бодлоо чөлөөтэй хуваалцан, шинэчлэлийн Засгийн газраас уг салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцсан юм.
Салбарын сайдын хувьд энэ удаагийн албан томилолт үүгээр өндөрлөж буй ч цаашид өртөө, зөрлөгт ажиллаж буй төмөр замчидтай ойр ажиллаж, дараа эргэн уулзахдаа олон асуудлыг шийдвэрлэсэн, үр дүнтэй уулзалт хийнэ гэдгээ онцлов.