“Rafael Advanced Defense Systems” компани Израилийг агаарын
довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” гэх системийг сайжруулах ажилдаа
оржээ. Defense News-т мэдээлснээр тус компани дээрх системийн илүү
боловсронгуй хувилбарыг бүтээхээр 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа
гэнэ.
“Төмөр дээвэр” системийн тавдугаар батерейн зэвсэглэлийг
сайжруулсан Block-2 төвшинд хүргэсэн байна. Шинэ хувилбар нь өмнөх
загвараас хамгаалалтын орон зайн хувьд илүү, пуужин устгах тал дээр ч
илүү үр дүнтэй гэнэ.
Израилийн Батлан хамгаалах яам “Төмөр
дээвэр”-ийн тавдугаар батарейн туршилтыг хугацаанаас нь өмнө дуусган
байлдааны байдалд ашиглахаар шийдсэн гэж Rafael-ийн төлөөлөгч хэлэв. Уг
нэгтгэлийг Тель-Авивын ойролцоо байрлуулжээ.
Одоо Rafael энэ
системийн дөрвөн батарейн зэвсэглэлийг шинэчлэх ажилд ороод байна.
АНУ-аас Израильд энэ системийг худалдан авахад нь зориулсан 205 сая
ам.долларын тусламж үзүүлсэн учраас пуужингийн үйлдвэр гурван ээлжээр
ажиллаж эхэлжээ.
Defense News сэтгүүлийн мэдээгээр улсын тэр
үйлдвэрт гурван ээлжийн ажлыг 14-ний өдрөөс эхлүүлсэн ба тэр өдөр ЦАХАЛ
өргөн цар хүрээтэй агаарын довтолгооныг Газын зурваст хийж эхэлсэн
байв. Байдал ноцтой үеэр “Төмөр дээвэр” системийн дөрвөн батарай
палестинчуудын харвасан зуу гаруй пуужинг угтан сөнөөж чаджээ.
“Төмөр
бүрхүүл” цогцолбор нь Израилийн пуужингийн довтолгоо болон агаараас
хамгаалах олон төвшинд системийн нэг элемент нь юм. Системийг “Давидын
жад”, “Сум” гэсэн цогцолборууд нэмэн гүйцээдэгээс гадна Израилийн
зэвсэглэлд Америкийн Patriot цогцолбор байгаа.