“Шуранхай”-н Д.Үүрийнтуяа хэмээн олны танил болсон уртын дууч бүсгүй өнгөрсөн сарын 14-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Тэрээр насны ханиараа мэргэжил нэгт урлагийн хүнээ сонгож Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Жавхаасайхантай Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр ийнхүү нижгэр хуримаа хийсэн юм. Тэдний хуримыг гэрлэх ёслолын ордоны дарга Х.Оюунчимэг хөтлөн явуулж, хоёр талын ах дүүс найз, нөхөд гээд 300 гаруй зочин оролцжээ. Хосууд гурван настай Ж.Анударь, долоон сартай Ж.Сайнбилэг хүүгийнхээ хамт хуримын зочдоо “Сөүл” ресторонд хүлээн авч, дайлсан. Хурим найрыг нээн уртын дуучин Д.Жавхаасайханы дунд ах Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан үг хэлэн есөн морин хуурч, есөн эрэгтэй уртын дууч хаан төрийн бэлэгдэл “Эртний сайхан” дуугаар найрын жавар үргээжээ. Мөн Д.Үүрийнтуяагийн хуримын цайллагад түүний ажилладаг Улсын филармонийн уран бүтээлчид болон “Voice” групп ая дуугаа өргөж, “Нюанс” хамтлаг мэндчилгээ дэвшүүлэн дуулсан юм. Ардын богино болон уртын дууг хослон хоршин дуулдаг хосын хуримыг гоёл нь үндэсний уламжлалт хаан, хатан сүйх бүхий бриллиантан шигтгээтэй цагаан алтан бөгж байсан бол сүйт бүсгүйн гоёл японы “misaki” сувдан хослол тансаг зэрэглэлийн даашинз байлаа. Түүнчлэн сүйт залуу “ramsey” брэндийн хослолоор гоёжээ. Хуримын хамгийн том бэлэг болгон уртын дуучин Д.Жавхаасайханы “Эр бор харцага” цомгийг ивээн тэтгэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат “Himon” констакшны захирал Ш.Энхтөр хосуудад хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгчээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША