ММС Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

ММС Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлнэ

Монголын томоохон нүүрс олборлогчдын нэг Mongolian Mining Corporation Хятадын Jinan Iron & Steel групптэй (Jigang групп) таван жилийн хугацаатай нүүрс нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Тус компани Shandong Iron & Steel группын охин компани юм байна. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан гэрээний хүрээнд MMC Хятадын гангийн компани Jigang Group-т таван жилийн хугацаанд жил бүр 500 мянгаас 2 сая тонн хүртэлх коксжих нүүрс нийлүүлэх үүрэг хүлээх ажээ. Харин Jigang Group гэрээний хугацаанд MMC-ийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдаж авахаар тогтжээ. Гэхдээ MMC-ийн хувьд нүүрсээ зөвхөн Ганцмодын хилийн боомт хүргэх бөгөөд боомтоос цааш Jinan-ы гангийн үйлдвэрт нүүрс хүргэх үүргийг Cong Lin Transource International Investment компани хүлээжээ.

MMC-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, хоёр байгууллагад аль алинд нь ихээхэн ашигтай гэрээ болсныг тэмдэглэхийн сацуу MMC-ийн найдвартай нийлүүлэгч гэсэн байр суурийг бэхжүүлсэн үйл явдал болсныг онцолжээ.

Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй байгаагийн улмаас коксжих нүүрсний үнэ багагүй хэмжээгээр унаад байгаа. Австралийн нүүрсний үнэ өнгөрсөн оны эхээр 330 ам.доллар/тонн хүрч байсан бол одоо нэг тонн нь 160 гаруй ам.доллар болтлоо буураад байгаа юм. Гэхдээ энэ үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд нэлээд дээгүүр үнэд тооцогдож байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар, хэдийгээр коксжих нүүрсний үнэ сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 10-20 ам.доллар/тонноор өсч, 165 ам.доллар/тонн болсон ч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд ойрын хугацаанд нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй ажээ. Гэтэл шинжээчдийн нөгөө хэсэг нь Хятадын Засгийн газрын хийж буй алхмын дүнд тус улсын эдийн засгийн өсөлт эргээд эрчимжих төдийгүй коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өснө гэж мэдээлж байгаа юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж