Хэрэг гарсан өдөр: 2012 оны хоёрдугаар сарын 3
Тэтгэвэр, тэтгэмж тарааж эхэлсэн өдөр байсан тул иргэд банкны нэгдүгээр давхарт урт дараалал үүсгэн зогссон байжээ. Гэтэл 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, түүний нөхрийн хэвлийд буудан зугтсан. Банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгахад нь нөхөр нь урдуур нь орж ийнхүү хүнд шархатсан гэдэг. Бас түүний сум банкны ажилтны шүргэж гэмтээсэн юм. Хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч архаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан юм. Түүний хэргийг УМБГ-т мөрдөн шалгаад өнөөдөр Налайх дүүргийн шүүхэд шүүж байна.
“Биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй”
Талийгаач Н эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Халдлагад өртөн амиа алдсан хохирогчийн эхнэрийн эгч П.Тунгалаг ийн ярив.
-Хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сэжигтний ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Уулзаагүй ээ. Хүний аминд хүрсэн тэр хүний ээж, аав нь нэг удаа бидэнтэй уулзаж, уучлалт гуйгаагүй. Ядахдаа утсаар ч холбоо бариагүй. Ямартаа л бид тэр хүнийг ганцаараа амьдардаг байсан юм болов уу гэж бодож байтал шүүх хурал дээр ах дүүс нь олуулаа, гурвын гурвын өмгөөлөгчтэй ирсэн. Хохирогч тал буюу бид нэг өмгөөлөгчтэй. Гэтэл хүний аминд хүрсэн тэр хүний ар тал сайн гэсэн өмгөөлөгчдийг хэд хэдээр нь хөлсөлсөн байхыг хараад гайхсан.
-Талийгаачийн эхнэр ажлаа хийж байгаа юу?
-Хийж байгаа. Хэрэг гардаг өдөр талийгаач маань эхнэрээ хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байсан юм. Хэн тийм аймшигтай юм болно гэж бодох вэ дээ. Хоёр сая гаруйхан төгрөгийн төлөө ийм зүйл хийсэн гэж бодохоор тэр залууд үнэхээр гомдмоор, үзэн ядмаар санагддаг.
Хохирогчийн өмгөөлөгч В.Бадамцэцэг “Мөрдөн байцаалтын явц ерөнхийдөө хуулийн дагуу болсон гэж бид үзэж байгаа. Учир нь хавтаст хэрэгт шунахайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар, нийтэд аюултай аргаар, мөн хүн барьцаалан хүний амь насыг санаатай хөнөөсөн. Талийгаачаас гадна банкаар үйлчлүүлж байсан нэг иргэнийг буудсан. Таксины жолоочид буу тулган барьцалан. Иймд олон нийтийг цочроосон хэрэг гэж зүйлчлэх нь зөв. Уг нь бол хэрэгтэн наад зах нь оршуулгын зардлыг төлөх ёстой. Гэтэл хохирогчийн гэр бүлд нэг ч төгрөг төлөөгүй. Бидний мэдсэнээр А.Бат-Ялалтын нэр дээр нэг өрөө байдаг юм билээ. Гэтэл ар гэрийнхэн нь тэр байрыг нь булаалцалдаад өөрсдийнхөө нэр дээр болгуулсан байна лээ. Нөхөн төлбөр төлүүлэхгүй байхын тулд байх” гэсэн юм.
А.Бат-Ялалт гэр бүлийнхэндээ “Би буруугүй” гэх захидлыг шоронгоос илгээжээ
Хүү нь ямар учраас бусдыг буудан амь насыг нь хөнөөх болсныг талаар түүний ээж н.Дариатай ярилцахыг хүссэн ч тэрээр “Бодоод үзэхэд хүүгээ хүн аллаа гээд ярилцлага өгөхөд үнэхээр хэцүү байна. Хүмүүс намайг ойлгохгүй шүү дээ. Ямартай ч миний хүү ийм хэрцгий хэрэг хийхээр хүү биш. Сайн хүү” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
А.Бат-Ялалтын ойр дотны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр тэрээр 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 дүгээр дунд сургуулийг онц дүнтэйгээр төгссөн. Хүмүүжил сайтай, онц сурлагатан байсан болохоор сурагч солилцоогоор АНУ-д суралцаж байсан. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг их л даруу төлөв зантай хүү байсан. Хэзээ ч зээлээ төлөх гэж хүн буудан хөнөөж, банк дээрэмдэхээргүй хүн гэж байсан. Хэрэг гарсны дараахан А.Бат-Ялалт гэрийнхэндээ Ганц худагаас захидал илгээжээ. Захидалдаа тэрээр “Би энэ хэргийг зориудаар хийгээгүй. Намайг ямар нэгэн зүйл хорлочихлоо. Би үнэхээр хүн буудъя гэж бодоогүй. Банкинд их хүнтэй байсан болохоор захирлаар нь мөнгө бэлтгүүлж авах гэж байсан юм. Гэтэл нөхөр нь хаалга эвдээд ороод ирэх үед сум алдсан. Надад лав нэг хорлол хийсэн байх” гэсэн байжээ.