“НИТХ бодит тогтоол гаргах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

“НИТХ бодит тогтоол гаргах хэрэгтэй”

.Мөнхбат: Амьдралд нийцсэн бодит тогтоолыг НИТХ гаргах хэрэгтэй болжээ.

Манай улсын эдийн засаг өсч, нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр хотын соёл, түүнийг дагасан үйлчилгээний хуваарь, чанар, стандарт байнга сөхөгдөж байна. Үүний нэг нь шөнийн клубуудын ажиллах цагийн хуваарийг нарийвчлан тогтоож шөнийн 00 цагаас хойш хаалга, үүдээ  барих тухай НИТХ-ын шийдвэр юм. Энэ тогтоолыг цаг үетэй нь зохицуулж өөрчлөх, цагийн уян хатан систем тогтоох шинэ Засгийн газрын Хууль зүйн сайд, хотын дарга ярьж эхэлсэн энэ үед нэр бүхий томоохон 28 аж ахуй нэгжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцлаад байгаа юм.  Энэ үйл явдалтай холбогдуулан Хотын соёлыг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Мөнхбаттай ярилцлаа.

-Хотын соёлтой холбоотойгоор шөнийн клубуудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөх тухай сүүлийн үед ярьж байгаа. Үүнтэй давхцан зарим шөнийн клубуудыг цаг хэтрүүлэн ажилласан гэсэн шалтгаанаар  үл ойлголцол үүсгэж байгаа юм байна. Ч.Бат менежежрийн гаргасан энэ шийдвэр юунд үндэслэсэн байв. Эдгээр газрууд байнга цаг хэтрүүлэн ажилладаг байсан юм болов уу?

-Манайд хүчин төгөлдөр байгаа Архидан согтуурахтай тэмцэх хууль 2003 онд батлагдсан юм. Энэ хуулийн заалтын дагуу 00-06 цагийн хооронд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглодог. 2003 онд манай орны нийгэм, эдийн засаг ямар байсан бэ. Түүнээс хойш есөн жил өнгөрсөн байна. Улаанбаатар одоо дэлхийн улс гүрнүүдийн анхаарлын төвд орсон Монгол Улсын нийслэл болжээ.  Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулагчид олноор ирж байна. Монгол Улсын идэвхитэй хөгжих нэгэн боломжийг гадны хөрөнгө оруулагчид өгч буй нь зүйн хэрэг. Тиймээс бид дэлхийн хөгжлийн хэмнэлттэй, нийцэж урагшлах хэрэгтэй болж буй юм. Энэ утгаар 2003, 2012 оны нөхцөл байдал нь тэнгэр газар шиг ялгаатай болж.  Тэгэхээр 2003 онд батлагдсан хуульдаа өөрчлөлт хийх, НИТХ-аар гаргасан шөнийн 00 цагт үйлчилгээний газруудыг хаахаар шийдвэрлэсэн хатуу тогтоолоо эргэн хараач гэж байгаа юм. Зах зээлийн нийгэм гэдэг бие биетэйгээ өрсөлдөж, эрэлт нийлүүлэлтийнхээ хуулийн дагуу явдаг. Өнөөгийн нийгэмд хүмүүст бүжиглэх, цэнгэх, алжаалаа тайлах эрэлт бий болсон тохиолдолд ийм хатуу зарчим тулгана гэдэг нь байж болохгүй зүйл болжээ.  Иймээс НИТХ шийдвэрээ эргэн харах ёстой юм. Илүү амьдралд нийцсэн, бодит зүйлтэй нийцүүлэх хэрэгтэй болж байна. Дэлхийн аль ч улс гүрэн одоо бидний яриад байгаа коммунист гэгддэг Хятад, Кубад ч тэр шөнийн 00 цагт үйлчилгээгээ хаадаг журам алга. Манай Засгийн газрын улс, орноо хөгжүүлэх бодлогын тэргүүн эгнээнд  аялал, жуучлалын салбар ордог. Аялал, жуучлал гэдэг нь үйлчилгээний салбарын хөгжил гэсэн үг. Гэтэл үйлчилгээний салбар нь хаах, хавчих зарчим бүхий л системд байгаа тохиолдолд аялал жуучлалын хөгжлийнхөө нэг тулгуур болох боломжгүй. Уул уурхай л гэж байна. Гэтэл бид байгаа нөөцөө дуусгачихвал яах вэ. Асуудал үүснэ. Австрали, Индонезийн тод жишээ бий. Эдгээр орны төсвийг бүрдүүлж буй хөрөнгийн бараг 80-90 хувь нь аялал жуучлалын үйлчилгээнээс орж ирж байна. Тэгэхээр бид ийм бодит бус зүйлээ эргэн харах асуудал байгаа юм. Хэдэн байгууллагын цаг хэтрүүлэн ажилласан гэсэн шалтгаанаар эрхийг цуцлаж, тэнд ажиллаж байгаа, бизнес хийх гэж зүтгэж буй хүмүүсийн эрхийг боомилж болохгүй байх. Ингэж боймлох нь хайрцагласан, харанхуй тогоон дотор хамаг юмыг нь хөмөргөсөнтэй адил. Энэ утгаар уян хатан шийдвэр гаргах ёстой. Ялангуяа шинэчлэлийн Засгийн газрынхан  маань аливаа зүйлийг шийдэхдээ хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэй ярилцдаг байна гэж байгаа. Яг энэ  процессороор л  явах хэрэгтэй байна. Бид яг муур хулгана шиг нэг нь хөөгөөд нөгөөх нь зугтдаг системээр олон жил явлаа. Үүнийг өөрчлөхийн тулд хоёр тал ширээний ард суугаад , нөхцөл байдлаа хэлэлцээд, хуулиар хязгаарлагдаад байгаа тогтоолоо ч эргэн харах хэрэгтэй болж байгаа юм. Тогтоол бизнесийнхнийг хүчээр хууль зөрчүүлэхэд хүргээд байна шүү дээ.

-Шөнийн клубуудын ажиллах цагийн хуваарь гэдэг нь зайлшгүй хотын соёлыг дээшлүүлэхтэй холбогдож байна. Ахуйн хүрээний архидалтыг өөгшүүлж, гэмт хэрэг гарах нэгэн нөхцөл нь үйлчилгээний газруудыг эрт хаадаг явдал гэж зарим нь шүүмжилдэг. Тиймээс ч шөнийн клубуудыг шөнийн 04 цаг хүртэл ажиллуулдаг болгох тухай шат шатандаа ярьж эхэлсэн. Энэ үед зарим шөнийн клубуудын үйл ажиллагааг зогсоосон шийдвэр нь зөвхөн цаг, хугацаатай холбоотой байв уу эсвэл удаа дараагийн өөр зөрчил байсан юм болов уу?

–Бид бүхэн шинэчлэлийн Засгийн газар болоод хотын удирдлагуудын санаачлагыг баяртайгаар хүлээн авсан юм. Ийм хатуу, хуурай бодлого байх хэрэггүй юм байна., нэгэнт мегаполис болсон Улаанбаатарын шөнийн амьдралыг хүчээр хорих шаардлагагүй болжээ гэж Бат-Үүл дарга биднийг хүлээж авч уулзахдаа хэлж байсан. Тэмүүжин сайд ч Засгийн газраас гарсан ажлын хэсгийн хүрээнд баар, ресторан, кафе, шөнийн клубуудыг стандартчилах хэрэгтэй юм байна гэсэн. Бүгдийг ор тас хаах биш. Тэнд аюулгүй байдлыг бий болгох, чанартай боловсон, соёлтой үйлчилгээг бий болгох Засгийн газрын бодлого шинэчлэл хийгдэх гэж байгаа гэж бидэнд хэлсэн. Үүний дагуу бид ажлын хэсэг гаргаад ер нь шөнийн клубууд гэж юу юм бэ. Яагаад ийм бизнесийг хийх гээд байна вэ гэдэг асуултыг хайсан. Үүнд зарим нь архийг дэмжиж байна, архидалтыг өөгшүүллээ гэх. Гэтэл энэ нь өөрөө харьцангуй ойлголт юм. Баарууд архи зарахгүй байлаа гээд жижиг зочид буудлууд яаж нэмэгдсэн билээ, ахуйн хүрээнд архидалт яаж шилжсэн бэ. Бид баар гэхээр л архи зардаг газар гэсэн ойлголттой болчихож. Гэтэл үүний ялгаа заагийг гаргах хэрэгтэй. Жишээлбэл, яг өнөөдөр хүмүүсийг архидуулж байгаа цэгийг оновчтой олох ёстой. Тэр жижиг буудлууд байна уу, эсвэл дэлгүүрээс архи аваад гэртээ уугаад байна уу, энэ бүгдийн хооронд асар том ялгаа байна. Шөнийн клубуудын үндсэн хэрэглээ нь юу юм. Бүжиглэх, алжаалаа тайлах. Баар гэхээр л бүгдээрээ архи зардаг юм шиг ойлгодог болж. Гэтэл шөнийн клубууд маань хоол ундаагаар үйлчилж байна. Мөн энтертайнмент үзвэр үзүүлж, мэргэжлийн хүмүүсээр аюулгүй байдлыг хангуулдаг. Энэ бүхэн нь нөгөө соёлтой хэрэглээ гэдэг тэр хандлага. Өдгөө дэлхийд байгаа шөнийн клубууд бараг л шөнийн 00 цагт онгойж үүр цайтал ажиллаж байна. Гэтэл манайхан хаа хаа л гээд байх юм. Гэтэл ингэж хаагаад архидалт багассангүй.

-Шөнийн клубуудын ажиллах цагийг уртасгая. Гэхдээ гэрэлтүүлэгтэй, камертай байх ёстой бүх шаардлагыг нь нэмэх хэрэгтэй гэж байсан. Үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа газрууд энэ шаардлагыг хангасан болов уу?

-Одоогоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гайгүй гэсэн газрууд нь бүгд дохиолол хамгаалал, камерийн системд бүрэн шилжсэн. Тэд бодит байдалд 00 цагаас хойш ажиллахыг хүсдэг, нөгөө талаас хуулийнхан маань ажиллуулахгүй гэдэг. Яг түрүүнд ярьснаар муур, хулганы зарчим байгаа биз. Гэрлээ унтраана, харанхуй болгоно, тухайн ойр орчимд гэрэлтүүлэггүй болно, үйлчлүүлэгчид нь хулгайгаар орно, хулгайгаар гарна. Энэ бүхэн нь есөн жилийн хугацаанд эерэг үр дүнд хүрсэн гэвэл үгүй. Манай гишүүн байгууллагууд бүгд харуул хамгаалалттай, хоол ундаар үйлчилдэг, 21 насанд хүрээгүй иргэнд хаалгаа хаадаг, мэргэжлийн байгууллагуудтай гэрээгээр ажилладаг гэх мэтээр стандарт хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Зөвхөн төрийн хяналтын систем маань л илүү уялдаатай болох хэрэгтэй юм. Цагдаа ирээд шөнийн клубуудыг хааснаар гэмт хэрэг гарахаа болихгүй байгааг бид харж байгаа шүү дээ. Стандартаа биелүүлээгүй газрыг л өндөр торгууль тавьж, үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг бол болж байна.

-Дээрх 28 аж ахуйн нэгжид хүмүүсийн сайн мэддэг ямар шөнийн клубууд байна?

-Улаанбаатартаа дажгүй гэж үздэг, хүмүүсийн нүүрийг тахалдаг газрууд бий. Гэхдээ сайн, муу аль аль нь энэ үйлчилгээний салбарт байдаг. Тиймээс ялгаа, заагаа сайн тогтоох хэрэгтэй шүү дээ. Эдгээрийн цаана олон хүний амьдрал давхар яригдана. Нэг клубт 40-50 хүн ажилладаг гэж үзвэл хэчнээн хүний амьдралын баталгаа болж байдаг нь харагдана.

-Улсын эдийн засаг өсч, Улаанбаатар өргөжин тэлж байна. Тиймээс асуудлыг хүндрүүлэлгүйгээр муур, хулгана болохгүйгээр, хүн хэлээрээ гэдгээр ямар гарцыг олж байна?

-Бид Хууль зүйн яамны ажлын хэсгийнхний ярьж буй стандартчилах, ангилах гэдгийг нухацтай хүлээн авсан. Аливаа нэг үйлчилгээг бүгдийг нэг хайрцганд оруулж болохгүй. Согтууруулах ундаагаар үйлчилдэг олон газар бий. Энэ бүхэн өөр өөрийн гэсэн үйл ажиллагааны онцлогтой тул эхний ээлжинд ангилах хэрэгтэй байгаа юм. Өдгөө хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн ерөнхий зүйлээр бүхнийг ялгаж, салгаж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын цагийн хуваарийн шинэчлэл гэдэг маш зөв юм. Хөрөнгө оруулагчид ихэсч эдийн засаг өсөхийн хэрээр шөнийн амьдрал уртасч байна. Өнөөдөр ажил хийж буй хүмүүс 18 цагт ажлаа тараад гарахгүй байгаа. Олонхи нь оройн 21-22 цаг хүртэл ажилладаг. Хоногийн 24 цаг гэдэг багадаж, иргэд цаг бол алт гэж ярьж байна. Тиймээс эдгээр хүмүүсийн алжаалаа тайлах цаг нь дагаад оройтож байгаа юм. Тиймээс бид Хууль зүйн яамны ажлын хэсгийнхэнд шөнийн клуб гэж юу юм, стандарт нь ямар байх ёстой вэ гэдэг журмын саналаа өргөн барьсан. Энэ бүхэн бидний хүсч байгаагаар биелэгдвэл УИХ-аар орж батлагдах байх. Үе үеийн Засгийн газар, парламентын гишүүд маань ийм ангилал байх ёстой гэж ярьдаг байсан боловч, архи согтууруулах ундаа гэдгээр нь эсрэг байр суурьтай болчихдог байсан. Иймээс стандартаа тогтоогоод, хуулиа өөрчлөөд хатуу журмаар зохицуулдаг болчихвол аль аль талдаа хотын соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох юм. Ялангуяа Тэмүүжин сайдын саналд баяртай хандаж байна. Энэ хүн бүхнийг зөв гольдролд нь оруулна гэж найдаж байгаа.
 

Ө.СОНОР
Зохиогчийн эрх: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж