Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махеш Кумар Мэски итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.
Ерөнхийлөгч Элчин сайд Махеш Кумар Мэскийг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзав. Түүх, соёл, шашны олон шижмээр холбогдсон хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэг гол зорилт болохыг тэмдэглэж, энэ хүрээнд Балба Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлэв.
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа харилцан ашигтай салбарт хөгжүүлэх үүднээс дээд өндөр хэмжээнд харилцан айлчлах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулахыг санал болгоод балбын ард түмэн ардчиллыг бэхжүүлэх үйлсэд амжилт гаргаж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэлээ. Мөн ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн сайд нарын бага хуралд Балба улсаас өндөр хэмжээний төлөөлөгч илгээн оролцуулахыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, ажилд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Элчин сайд Балба Улс Монголтой соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтойгоо дурдаад хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа мэдэгдлээ.
АЛЬ-ХАЛИФА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Ерөнхийлөгч Элчин сайд Хамад Мохаммед Мубарак Насер Аль-Халифаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд өнгөрсөн оны эцсээр танай улсад айлчлахад Катарын Эмир халуун дотно хүлээн авсанд талархаж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв. Мөн Катар улстай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа тэмдэглэж, Эмирийн Монголд айлчлах урилга хэвээр гэдгийг нотлон тааламжтай үед нь хүлээн авахад бэлэн гэлээ.
Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израиль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матани Вилнай итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.
Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан Монгол, Израиль хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт сайн байгааг тэмдэглэв. Мөн хоёр улс нийтлэг үнэт зүйл, зах зээлийн эдийн засагтай орон гэдгийг дурдаад нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг ихэд сонирхож буйгаа хэллээ. Ерөнхийлөгч бас Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд харилцан төлөөлөгчид солилцох нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, түүний Тамгын газар тусалж дэмжихэд бэлэн гэдгийг дуулгав.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас
Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амину Башир Вали
итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.
Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн
авч, Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонотантай НҮБ-ын чуулганы үеэр уулзаж
байснаа дурсан ярьж, Африкийн орнуудын тэргүүнүүд сүүлийн 20 гаруй жилд
манай оронд айлчлаагүй байгааг дуулгалаа. Иймд найрамдалт харилцаагаа
бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд түлхэц өгөх үүднээс Ерөнхийлөгч
Гудлак Жонотан манай оронд айлчлана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргалагч орны хувьд 2013 онд
Улаанбаатар хотноо болох тус нийгэмлэгийн сайд нарын бага хуралд өндөр
хэмжээний төлөөлөгч ирүүлж оролцуулахыг урив.
Элчин
сайд Монголд үе үе ирж, хүмүүстэй уулзан хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа
мэдэгдлээ