БЗД-т дахин санал хураалт хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

БЗД-т дахин санал хураалт хойшилж магадгүй

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийн сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хуулийн заалтыг тайлбарлах  асуудлыг Улсын дээд шүүх тайлбарласны дараа дахин санал хураалт явуулах хүсэлтийг иргэний зүгээс тойргийн хороо болон СЕХ-нд гаргасны дагуу 22 дугаар тойргийн хороо өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн санал хураалтыг хойшлуулах эсэх тухай шийдвэрийг гаргах юм.

Өмнө нь УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураах шийдвэр гарсан байсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь сонгогчдоос 28-аас дээш хувийн санал авна гэх заалтыг Баянзүрх дүүрэг буюу 22-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг буюу 26-р тойрогт хангагдаагүй тул дахин санал хураалт зохион байгуулахаар болж, Орон нутгийн сонгуультай нэг өдөр явуулах шийдвэр гарсан билээ.

Гэвч нэр дэвшигчээс гаргасан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг хойшлуулах шийдвэр гарсан. Учир нь СХД-т АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг сонгуулийн  дараа тойргийн хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг гаргасан боловч тойргийн хорооны даргын шийдвэрээс болж, тангараг өргүүлээгүй. Харин Л.Эрхэмбаяр нэр дэвшигч эл асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарсны дараа дахин санал хураалтыг түр хойшлуулах шийдвэрийг Сонгуулийн 26-р торгийн хороо гаргаад байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж