Хазааргүй “вьетнам” засвар

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Хазааргүй “вьетнам” засвар

Шар дэвсгэр дээр улаанаар “Вьетнам авто засвар” гэж томоос том бичсэн хашааны булан байх. Хашаанаас танихгүй хэлээр шулганалдсан хүмүүс гарч ирэх аж. Хэдийгээр тэнд ядруухан ч гэсэн нэгэн монгол ажиллах боловч мань вьетнамууд тоосон шинжгүй ажиллах. Нүдэнд харагдах өнцгөөс харвал өнөөх монгол туслах ажилчин болтой байв.
 
Аравхан алхмын цаана арай л өөр дүр зураг ажиглагдана. Авто засвар гэсэн хаягтай дунд зэргийн хашаа байв. Байдлаас нь харвал ажиллуулдаг хүмүүс нь эндээ амьдарч, мөнхүү бяцхан бизнесээ эрхэлдэг бололтой. Эхэнд тааралдсанаас ялгаатай нь монгол эзэдтэй нь оршино. Гэхдээ вьетнам засварын газарт байсан шиг тийм олон хүн харагдсангүй. Бүгд нэг гэр бүлийнх болохоор олдсон хэдээ ч эв найртай хувааж байгаа харагдав. Энэ хоёр “ертөнцөд” тогтоосон үнэ байх жишээтэй. Үнэнээс нь харъя л даа. Урд гуперыг монголчууд 100-110 мянган төгрөгийн хооронд /яривал буулгаж болно. Гэхдээ үйлчлүүлэгчийн ам мэднэ/ хэлбэлзэж байгаа бол вьетнамууд 150-200 мянган төгрөгөөр засч байсан юм. /Ямар ч ам “фигур” энд үйлчлэхгүй/

Дээрх хоёр ертөнц “Дэнжийн 1000”-д оршин байна. Угтаа Улаанбаатар хотын хаа сайгүй байрлах хэдэн мянган ижил үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл. Гэхдээ энэ ертөнцөд ямар нэгэн хяналт байдаг уу, байдаг бол хэн тавьдаг вэ гэдэг одоо ч бүрхэг хэвээр л…

НЭГЭН БАРИМТ

2007 онд Вьетнам авто засварын газар танхайн хэрэг гарчээ. Хоёр вьетнам эр нэг монгол залууг зодсон нь энэ. Гэхдээ хэрэг шийдэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй. Энэ мэтчилэн олон арван баримт цуварна. “Манай энд байдаг вьетнамчууд соёлгүй. Шөнө орой их чимээтэй. Зарим ядруухан монголчуудыг нийлээд зодож байгаа харагддаг” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Д.Лхагва ярьсан юм. Үүнийг батлах тэндхийн иргэд цөөнгүй.
 
Вьетнам засварын газруудын үйлчилгээ бус бусад зүйл илэрч байгаа дутагдлын нэгээхэн хэсэг нь энэ. Танхайрсан, архидан согтуурсан, үйлчилгээгээ үзүүлээгүй гэсэн зөрчлүүд захаасаа аваад мундахгүй. Чухам энэ талаар хийх судалгаа гэж байдаггүй, байсан ч судлагдахуун нь тодорхойгүй учраас манай улсад үүнийг хийх боломж байдаггүй ажээ.

БУМАН ЗӨРЧИЛ

Вьетнам авто засварын газруудад өнгөрөгч тавдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт явуулжээ. Уг шалгалтаар маш олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Вьетнам авто засварын газруудыгн 75 хувь нь ажлын болон ахуйн хангамжийн байрыг тохижуулаагүй, гар угаах, усанд орох нөхцөл байхгүй, агааржуулалтгүй, төмөр чингэлэг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн дутагдал илэрчээ. Үүнээс гадна монгол ажилчдыг ажиллуулдаггүй гэх нийтлэг дутагдал байдаг аж.

“…Вьетнам авто засварын газруудад мэргэжил, ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна гэсэн нэрийдлээр монгол ажилчдыг авч ажиллуулдаггүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажиллавал зохих монгол, гадаад ажилчдын харьцаа алдагдсан…” Шалгалтын тайлангаас…

Хамгийн том зөрчил нь гэвэл татвар төлөхөөс зайлсхийх. Ихэнх нь гадаадаас “Т” ангиллаар орж ирсэн вьетнам иргэд байдаг ч үүнд хариуцсан байгууллага нь хяналт тооцож чаддаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн хөрөнгө оруулагч нэрээр орж ирдэг учраас татвар болоод ажлын байрны түрээс төлөхгүй байх нэгэн үндэслэл болдог аж.

“Манайх засварын зориулалтаар барьсан байраа түрээслүүлдэг байсан. Гэтэл тэд нэг л өдөр түрээсээ төлөлгүй алга болоод өгсөн. Чухам хайчсан, яасан гээд сураглаад явахаар мэддэг байгууллага гэж байдаггүй. Ер нь бол хохироод л үлдсэн дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баатар ярьсан юм.

Хэдийгээр энэ шалгалтыг зургаан сарын өмнө хийсэн ч хэргийн эзэд нь ажилласан хэвээрээ. Үнээ дур зоргоороо тогтоосон хэвээрээ.

ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭ

Арван алхмын цаадах Монгол, Вьетнам авто засварын үнэ тэнгэр газар шиг ялгаатай. Монгол нь 100 мянгад гуперийн засварыг багтаана гэдэг бол вьетнамчууд 150-иас буухгүй. Бүр дээшлүүл нь гэж зүтгэнэ гээч. Үүнээс гадна засварыг бүрэн хийлгэсэн нөхцөлд вьетнамчууд сая 500 мянгаас гурван сая төгрөгт  хэлбэлздэг гэсэн бүдүүн бараг тооцоо гаргаж болно. Яг үнэндээ засварын хэрэгсэл материал хаанаас орж ирээд, ямар үнэтэй, чанартай вэ гэдгийг тооцвол арай өөр тооцоо гарч ирэх байх. Дээрх хоёр засварын газраар жишээлбэл хоёулаа ялгаагүй л адилхан хэрэгслээр засч янзалж байсныг нуух юун. Вьетнамчууд харин арай өөр зүйлийг ярьдаг. Америкаас яг стандартын дагуу чанартай засварын хэрэгсэлүүдийг оруулж ирдэг болохоор монголчуудаас үнээ өндөр тооцдог гэж ярих нь бий. Хэрвээ америкаас яг захиалж оруулж ирсэн үнээр зарвал үүнээс өндөр үнэ гарах байх. Учир нь нэг хэрэгсэл нь 150-200 долларт багтдаг аж. Тиймээс вьетнамчуудын тогтоосон үнэ агаарын тооцоо байх магадлал өндөр.

ШИНЭ ЖУРАМ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэгэн шийдвэр гаргаад сар ч хүрээгүй байна. Энэ нь вьетнам гэлтгүй бүх засварын газруудад хамаарна. Хэрвээ тухайн засварын газар үнээ ил гаргаж тавиагүй бол зөвшөөрлийг нь цуцлах албадан хаах хүртэл арга хэмжээг авах аж. Харин бүрэн хэрэгжилт нь ирэх сарын 7-ны өдөр эхэлнэ. Гэхдээ үүнийг яг албадан хаах, эрхийг нь цуцлах зэрэг нарийн асуудлыг хэрхэн шийдэх нь эргэлзээ төрүүлж байгаа ч, журам гарсан нь сайн хэрэг.

Улаанбаатар хотод 300 гаруй авто засварын газар үйл ажиллагаа явуулдаг гээн албан бус тооцоо бий. Цаана нь хичнээн засварын газар байгааг чухам хэн ч үл мэдэх. Үүнийг ямар нэгэн байдлаар төр засгийн зүгээс анхааралдаа авахгүй бол цаашид энэ мэтчилэн асуудал дагуулсаар байхыг үгүйсгэхгүй.

Сурвалжлага дуусч байх мөчид нэр бүхий зарим вьетнам засварын газрууд үнээ 10-20 мянган төгрөгөөр нэмсэн байсныг дуулгая.    
                         

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж