![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/26905bdf2f260774/0f66ea87e06f27d8original.jpg)
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганхуягийн хэлснээр Тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсрэх бодисын агуулгын цогцолборт аюулгүйн зэргийг тогтоож, дотоодын цэргийн болон гэрээт цагдаагийн харуул хамгаалалтаар хамгаалуулах, гадаадын хөрөнгө оруулалтын дээд хязгаар 49 хувь хүртэл байх, тэсрэх бодисын үйлдвэрлэл, материалын агуулахын байршил зэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэж байх, тогтмол авч байх зэргийг нэмж хуулийн төсөлд тусгасан байна. Гишүүн М.Батчимэг тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарах нь тулгамдсан асуудал болсныг хэллээ. Өмнө нь уг асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар авч хэлэлцэж байсан ч тусгай зөвшөөрөл олгох байгууллагуудын асуудлаар ойлголцолд хүрч чадаагүйгээс хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшилж иржээ. Одоо бол хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулж үүнийг зохицуулахаар төсөлд оруулж өгсөн байна. Зөвхөн Уул уурхай, Батлан хамгаалах яам зохицуулах нь хэтэрхий явцуу болох тул хамтарсан зөвлөл байгуулах нь зүйтэй гэж М.Батчимэг гишүүн хэлж байлаа.
Гишүүн З.Энхболд “Тэсрэх бодис бол аюултай бизнес. Уул уурхайн тэсэлгээ хийх, байшин дэлбэлэх хоёр адилхан. Хэдийгээр энхийн зориулалттай боловч тэр дор нь зэвсэг болгож болдог аюултай зүйл учраас тусгай зохицуулалттай өмчлөл, хяналт сайтай, аюултай үед нэн даруй зогсоож болдог онцгой нөхцөл шаардсан бизнес. Энэ талаас нь үзэж хуулийг хурдан гаргах хэрэгтэй. Сая Өмнөговьд нэг агуулах дэлбэрсэн гэсэн. Ямар ч шаардлага хангаагүй хүмүүс бизнес хийж байгаад дэлбэлсэн. Цаашид ийм зүйл гаргуулахгүй тулд ийм бизнес хийдэг компани лицензтэй, чадахгүй бол хураалгадаг, маш их хэмжээний даатгалын хураамж төлсөн байх үүрэгтэй байх ёстой. Одоо дэлбэрсэн хүмүүсийн ар гэрт өгөх зүйл байхгүй. Даатгалын мөнгөгүй ийм хариуцлагагүй компаниудыг ийм бизнест оруулж болохгүй. Зүгээр нэг шатахуун импортлодог шиг бизнес биш” гэсэн юм.
Уул уурхай хөгжихийн хэрээр замбараа муутай болж байгаа тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээг журамд оруулах үүднээс дээрх хуулийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж гишүүд үзэж байсан юм. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.